“Рио Тинто” компани Монголд найр тавихын учир...

Б.Ариунзаяа
2021/04/06

Уул уурхайн супер цикл эргэн ирлээ. Түүхий эдийн зах зээл дахин нэг ханшийн халууралтай нүүр тулах нь тодорхой болж байна. Ийм цагаар “Оюутолгой” төслийн “хувь заяа”-г шийдэх нь. Тодруулбал, уг төслийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хэлэлцээрийн ширээнд суухаар зэхэж эхэллээ. Хэлэлцээ Улаанбаатарт өрнөхөөр болж, “Рио Тинто” компани өөрийн төлөөллөө Монголд ирүүлсэн. Таваарын зах зээлийн тааламжтай “уур амьсгал” бүрдсэн энэ үед “Оюутолгой” төслийг хөрөнгө оруулагчид ийнхүү дэнслэх нь. Зэсийн ханш л гэхэд гурван жилийн ёроолоос 10 мянган ам.доллар давж, есөн жилийн оргилдоо хүрээд буй. Огцом өсөлт үзүүлж буй зэсийн ирээдүйг шинжээчид хамгийн өөдрөг төсөөллөөр дор бүрнээ зураглаж байна. 

Уул уурхайгаас төсөвт төвлөрүүлэх орлогын цөм хэсгийг бүрдүүлдэг зэс энэ оны өнгөлөг эхлүүллээ. Өсөлтийн буухиа тасралтгүй үргэлжилсээр. Төмрийн хүдэр, хөнгөн цагаан зэрэг суурь металл зэсийн араас өсөлтийн хурдаараа эрэмбэлэгдэж байна. Энэ зууны хоёр дахь супер цикл уул уурхайн баялаг бүхий эдийн засагтай орнуудад дахин сэргэх, шинээр бүхнийг эхлэх хүлээлт үүсгэж байгаа цагаар “Рио Тинто” Монголын Засгийн газартай “Оюутолгой”-н асуудлыг ярилцахаар зориг шулууджээ. 

Цар тахлын аюул холдоогүй, эрсдэлтэй, ээдрээтэй мөчид “Оюутолгой” төслийг тойрсон асуудал олны анхаарлыг татаж байна. 

Засгийн газар, УИХ-ын түвшинд энэхүү төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, өөрсдийн байр сууриа нэгтгэх, зарчмаа нягт, хийгүй тодорхойлохоор ажил хэрэгч уулзалт ажлын хэсгийн түвшинд өрнүүлсээр. “Рио Тинто” компанийн хувьд “Оюутолгой” ач холбогдол өгөхөөс аргагүй чухал төслүүдийнх нь нэг. Зэс, алтны ховорхон тогтоц бүхий орд учраас Зэсийн группийн захирлаа албан томилолт өвөртлүүлж, наашаа “нисгэжээ”. 

“Оюутолгой”-н ил уурхай гэхэд “Рио Тинто” компанийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй уурхайн нэгт тооцогддог. Гэтэл ордын нийт нөөцийн 80 хувь нь одоо ашиглалтад орох гүний уурхай агуулж байгаа гэхээр “Оюутолгой” хэр хэмжээний орд болох нь үүнээс харагдана. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” зэсийн зах зээлд үүссэн өндөр өсөлтийг алдалгүй хүртэхээр, өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх гэж найр тавин Монголд татварын өр төлбөрөө барагдуулсан нь учиртай байж. Зүгээр ч нэг тохиолдол энэ биш нь дамжиггүй. 

Тэд зах зээлийн “алтан үе”-ийг ашиглахаар хэлэлцээг хурдлуулах, өөрсдийн талд ашигтай байдлаар шийдүүлэх гэж шимтэх нь ойлгомжтой. 

Зэсийн үнийн өсөлтийг улсаараа хүртэх, үүнээс төсвийн алдагдлаа нөхөх, тамирдсан эдийн засгаа татаж босгох цаг үе нь 2021 он. Энэ онд сэргэж чадвал, эдийн засгаа уналтаас гаргаж дөнгөвөл ирэх жилүүд гэгээтэй, гэрэлтэй байх боломжтой. Тэр тусмаа ажил олгогч хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Энэхүү боломжийг уул уурхайн супер цикл, түүний дотор зэс олгохоор байгаа юм. Улсын төсөвт нэг тонн зэсийн үнийг 6500 ам.доллар гэж тусгасан. Үүгээр зардлаа Засгийн газар тооцож, төлөвлөсөн. Тэгвэл зэсийн ханш төсөвт “зоос”-ноос 40 хувиар нэмэгдсэн нь зэсийн экспортоос улсад төвлөрөх орлогыг огцом нэмэгдүүлэхээр байна. Татварын орлого ийнхүү давахаар байгаа нь эдийн засгаа дэмжих, ажлын байраа хамгаалах боломж юм. 

Зэсийн ханшийн өсөлт ирэх жилүүдэд ч үргэлжилнэ гэж олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагууд таамаглаж, хөрөнгө оруулалтын шинжээчид үүнийг сонордуулж байна. Дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн 1.5 хувийг хэрэглэдэг цахилгаан автомашины салбар одоогийнхоос хоёр дахин ихийг ашиглах бол батерейн үйлдвэрлэл дэх зэсийн эрэлт ирэх 10 жилд ес дахин өсөх төлөв баталгаажиж, хөрөнгө оруулагчдын хараанд зэс дахин цоо шинээр өртөж эхэллээ.  


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.166.191
    2021/04/06

    Татварын бодлогоор дэмждэг л газар

    Хариулах
  • 172.90.229.225
    2021/04/06

    ямар ч мэдлэггүй, мэдээлэлгүй сэтгүүлч уран сайхны хайллаар хүмүүсийн тогойг эргүүлж цөсийг хөөргөөд уул уурхайн бодийг хөтөлчих юмаа

    Хариулах