Даргаа буудаж хөнөөгөөд зугтсан цэргүүдийг олоогүй байна

Б.Ариунзаяа
2021/04/09

Говь-Алтай аймгийн Алтай сумын  Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтжээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөжээ. Улмаар зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон байна. 

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна. 

Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна гэж ХХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.