Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний 1ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол “хонгилын” гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдэгдлээ. 

Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт болон зарим шүүгчтэй холбоотой мэдээллийг ЦЕГ хүлээж аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүгч нартай холбогдсон байдал тогтоогджээ. Тиймээс хэргийг харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Мөн хяналтын харьяаллыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. 

Түүнчлэн ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтрээд буцахдаа их хэмжээний валют ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн сарын 9-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний дагуу Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын буюу өмгөөлөгч, шүүгчидтэй холбоотойгоор гарсан мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой 20, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянаж байгаа юм байна. 

Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт, Э.Долгорсүрэн нар нь БЗД-ийн 26 дугаар хороо“парк виев” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод нэр бүхий шүүгч нарт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн сарын 19-нд АТГ-т шилжүүлжээ. Шалгах явцад энэ хэрэгт шүүгчид оролцсоноос гадна эдгээр хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлсэн, хэрэг хуваарилдаг захиалдаг байж болзошгүйг нотлох схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютроос гарч ирсэн учраас энэ хэргийг АТГ хамтатган шалгаж байгаа аж. 

Ажлын хэсгийнхэн дээрх хэргийг замхруулчихгүй байх, олон нийтийн анхаарлаас гаргахгүй байхад анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Түүнчлэн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой гомдол тус Ажлын хэсгийнхэнд ирсэн байна. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.