“Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник-эдийн засгийн дүн шинжилгээг батлав

Админ
2021/04/16

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн цогц үндэслэлийн хүрээнд боловсруулсан “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник-эдийн засгийн дүн шинжилгээг “Газпром” НХН батлав.

“Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолой нь ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд ОХУ-ын “Сибирийн хүч- 2” байгалийн хий дамжуулах хоолойн үргэлжлэл байх юм. 

Техник-эдийн засгийн дүн шинжилгээний хүрээнд байгалийн хийн хоолой барих төслийн техник, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн оновчтой маршрут, түүний урт, байгалийн хий дамжуулах хоолойн голч, ашиглалтын даралт, компрессорын станцуудын тоог тогтоосон байна. Төслийн урьдчилсан тооцооллын үзүүлэлтүүд нь төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхийг урьдчилан таамаглах бололцоог олгодогоороо онцлогтой.

Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нар ОХУ-ын Газпром НХН-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөг баталсны дагуу ийнхүү төслийн үйл явц эрчимтэй явж байна. Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих “Союз Восток” байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл энэ оны эцсээр  бэлэн болно. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Газопровод Союз Восток” Тусгай зориулалтын компани боловсруулж байна.  

“Сибирийн хүч – 2” байгалийн хий дамжуулах хоолойн хүчин чадал нь “Сибирийн хүч – 1” байгалийн хий дамжуулах хоолойн хүчин чадлаас 1.3 дахин их байхаар төлөвлөгдөж байна. Тус төсөл хэрэгжсэнээр Баруун Сибирийн байгалийн хийг зүүн Сибирьт нийлүүлэх болон Азийн зах зээлд их хэмжээгээр экспортлох боломжийг бий болгох юм.

Төслийн техник, эдийн засгийн дүн шинжилгээ нь төслийн эдийн засгийн үр ашгийг болон төслийн хэрэгжих боломжтой эсэхийг урьдчилсан байдлаар судалж, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах буюу төслийг хэрэгжүүлэх дараагийн шатанд шилжих эсэхийг тодорхойлдгоороо онцлогтой ажил юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна