Б.Эрдэнэчимэг: Хэргийн газарт анх үзлэг хийсэн мөрдөгч нарын хууль бус үйлдлээс болж хүү минь хилс хэрэгт гүтгэгдсэн

Б.Ариунзаяа
2021/06/07

Хүний амь бүрэлгэсэн хилс хэрэгт 20 жил хорих ял шийтгүүлсэн хүүгийн ээж Б.Эрдэнэчимэг хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж мэдээлэл хийж байна...


Б.Эрдэнэчимэг: 

- Миний хүү н.Лхамсүрэн 2015 оны хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт болсон хэрэгт хилсээр гүтгэгдсэн. Яагаад гэвэл хэргийн газрын үзлэгээс эхлээд хууль зөрчсөн зүйл их байдаг. Тухайлбал, хэргийн газар ажилласан Ц.Балдорж, Б.Содгэрэл гэх мөрдөгчид хэргийн газрын анхны үзлэгийг хавтаст хэрэгт оруулаагүй. Алга болгосон уу, устгасан уу гэдэг нь тодорхойгүй. 
Өмгөөлөгчдөөрөө дамжуулж авсан цагдаагийн жижүүрийн тэмдэглэлд тухайн өдөр хэргийн газарт 25 кадр зураг, 19 тэмдэглэл үйлдсэн гэж мэдүүлсэн. Гэвч эдгээрээс нэг нь ч хавтаст хэрэгт  тусгагдаагүй. 
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгээс анхны байдлаар хэргийн газраас бэхжүүлж авсан 25 кадр зурагт үзүүлэлт хийж, мөрдөгч Б.Содгэрэлд хүлээлгэж өгсөн гэх баримт нь энэ байна. 
Гэтэл энэ хэргийн 7 хавтаст хэрэгт дээрх баримтууд байхгүй гэдгийг УЕПГ-ын Эрүүгийн хэргийн архиваас авсан лавлагаа нотолж байгаа юм. Энэ бол маш ноцтой хууль бус үйлдэл. Ямар ч хуульч, өмгөөлөгч үүнийг хэлнэ. 


Яагаад хэргийн газрын анхны үзлэгийн баримт хавтаст хэрэгт ороогүй байгааг би холбогдох байгууллагуудад нь удаа дараа хандсан. Гэвч ихэвчлэн бөөрөнхий хариу өгч ирсэн. Би тодорхой хариулт авмаар байна гэдэг шаардлагаа дахин хүргүүлсэн байгаа. 


Түүнчлэн хэргийн газар зурагт байгаагаар нэлээн цус болсон байсан. Гэтэл миний хүүгийн өмссөн хувцас цэвэрхэн байдаг. Хувцасаа угаах юмуу цэвэрлэх боломж миний хүүд байгаагүй. Мөрдөгчид миний хүүгийн гарын хээ, хумс, үснээс шинжилгээ авахад ямар ч цус, толбо илрээгүй.  Бүр шинжээчийн дүгнэлт гарсан. 


Дээр нь энэ хэргийг үйлдсэн гэх хутга дээр ямар ч гарын хээ байдаггүй.  Би энэ хэргийн араас 6 жил явж байна. Анхны шүүх хурлаас эхлээд л маргаантай байна гэдгийг мэдээд л явж эхэлсэн. 


Талийгаач 5 цагт нас барсан. Хэргийн газарт миний хүү байгаагүй. Хэрэг болдог өдөр талийгаачийн гэрт 4 хүн байсан. Тухайн өдөр миний хүү, талийгаачаас гадна ангийнх нь нэг хүү ахтайгаа хамт байсан. Шөнийн 02:00-03:00 цагийн үед хэрэг гарч, талийгаачийн гүрээний судсанд хутгалж, амийг нь хөнөөсөн гэсэн дүгнэлт гарсан. 


Хэргийн газарт байсан нэг нь шөнийн 03 цагт миний хүүг гараад явчихсан гэдгийг мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэргийн газар 03 цагаас 05 цаг хүртэл ах дүү хоёр байсан. Гэтэл тэр 2 хүнийг шалгах байтал яагаад шалгаагүй юм бэ. 


Нотлох баримтыг эд мөрийн баримтаар хурааж авсан гэх үзлэгийн тэмдэглэл энэ байна. Үзлэг 11 цагт 05 минутад эхэлсэн. Гэтэл ах дүү 2 ыг 10 цаг 10 минутад гэрч болгож мэдүүлэг авсан байдаг. Хэргийн газрын үзлэг дуусаагүй байхад яагаад энэ 2 хүнийг гэрч гэдгийг мэдэж, мэдүүлэг авсан юм бэ. Энд ашиг сонирхолтой. Тиймээс би хүүгээ хилс хэрэгт гүтгэгдсэн гэдэгт бүрэн итгэдэг, баримт ч ингэж хэлдэг.  


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.220
    2021/06/07

    ИЙМ бүрэн мухарлаагүй хэрэгт яагаад ЯЛ төлөвлөж, асуултын тэмдэгт ихтэй хэргээр ИРГЭНД ЯЛ өгдөг юм вэ? МӨРДӨГЧ, түүний танил прокурор,шүүгч нарт асуудал байна. ХЭРГИЙГ дахин буцаах ёстой. МОНГОЛын хуулийнхан АВЛИГАД идэгдсэн учраас хэн ч прокурор, мөрдөгч, шүүгч нарт итгэхгүй

    Хариулах
  • 202.126.89.157
    2021/06/07

    mundag eejid amjilt husey

    Хариулах