Дотоодын хөрөнгийн зах зээлд өсөлт үргэлжилсээр. Урьд өмнө байгаагүй тэлэлт өнөө бий болж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг хөгжиж буй хөрөнгийн зах зээл татаж эхэллээ. Монголын Хөрөнгийн бирж 30 жилийнхээ босгон дээр шинэ өсөлт "үйлдвэрлэж" , оргил цаг үе энэ оны турш тохиож байна.
Анх 1991 онд эдийн засаг дахь хөрөнгийн урсгал, баялгийн хуваарилалтыг хамгийн үр ашигтай хэлбэрээр зохицуулах, зохион байгуулах зорилго дор үндэс суурийг нь тавьж байсан бирж “идэр нас” дээрээ 60 гаруй ААН-д 853,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зах зээлээс татан төвлөрүүлэхэд зуучлан 4,5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа зохион байгуулаад байна
Тухайлбал, 2021 оны 9 дүгээр сарын 29-ны байдлаар дотоодын хөрөнгийн чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20 индекс 43 мянган нэгжид хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2,2 дахин өсжээ. Зах зээлийн үнэлгээ нь 4,97 их наяд хүрсэн нь оны эхнээс 1,9 их наядаар буюу 65 хувиар огцом өссөн үйл явдал болж байна. Анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны өдрийн дундаж арилжаа 6,3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 29 дахин өсөв. Дийлэнх салбарт уналт нүүрлэж байхад хөрөнгийн зах зээлд өсөлт эрчээ авлаа. Чухам эдгээр өөдрөг үзүүлэлтүүдээрээ олон улсын санхүүгийн мэдээллийн Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэгджээ. Үүнийг эдийн засагч Н.Энхбаяр онцолсон.

Хөрөнгийн зах зээлийн энэхүү өсөлт цаашид бодлогоо зөв тодорхойлж чадвал үргэлжилсээр байна гэдгийг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай эдийн засгийн сэтгүүлчдэдтэй уулзах үеэр онцоллоо.
Цар тахал эдийн засагт сайн муу хоёр талтай нөлөөлсөн. Аялал жуучлал, экспорт, аж үйлдвэр зэрэг салбарт хүндрэл үүссэн бол хэд хэдэн зах зээлд шинэ боломж нээв. Үүний нэг нь хөрөнгийн зах зээл. Цар тахал, эдийн засгийн агшилтаас болж дэлхийн зах зээлд бэлэн мөнгөний илүүдэл үүссэн, манай улсад хадгаламжийн хүү буурсан нь иргэдийг илүү толгойгоо ажиллуулахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөн хуримтлалаа банканд хадгалуулах нь ашиггүй, инфляцтай өрсөлдөх чадваргүй болсон тул ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийх, өсгөх, хувьцааны арилжаанд оролцох идэвхийг нь өдөөсөн хэрэг.
Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн бирж дээр өдөрт 3000 хөрөнгө оруулагч 6,3 тэрбум төгрөгийн арилжаа хийж байна. Нийт хөрөнгө оруулагчдын 95 хувь цахимаар арилжаанд оролцож байгаа нь биржийн өнгөрсөн жилүүдэд нэвтрүүлсэн цахим систем, давхар бүртгэлтэй салшгүй холбоотой.

Гэхдээ Хөрөнгийн зах зээлийн энэ идэвхжил хаана хүрч зогсох вэ.
- Хадгаламжийн хүүний бууралт
2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар манай улсын нийт банк санхүүгийн байгууллагын харилцах, хадгаламж нийт 27,7 их наяд, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 6,1 хувьд хүрээд байна. Үүнээс хадгаламж нь 17 их наяд. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний хөрөнгө зах зээл эргэлдэх боломжтой гэсэн үг.
- Банкны IPO
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргана. 2022 оны зургаа дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр IPO хийсэн байх үүрэгтэй.
- Тэтгэврийн шинэчлэл буюу Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль
Өчигдрийн /2021.09.29/ Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Багц хуулийн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, нэмэлт тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар заасан.
- Төрийн байгууллагуудын хувьчлал
Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчит 27 компанийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Хувьчлахдаа тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах бол АЗЗА компаниудыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Дээрх хувьчлах байгууллагуудын дотор Хөрөнгийн бирж ч гэсэн багтаж буй.

Дээрх хүлээлтүүдээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зах зээлд нааштайгаар нөлөөлөхөөр байна. Тодруулбал шинээр болон нэмэлт хувьцаа гаргах замаар санхүүжилт босгох ХК-иудад татварын хөнгөлөлт үзүүлэх, ногдол ашгийн татварыг тодорхой хугацаанд чөлөөлснөөр үнэт цаас гаргагчдын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, арилжааны идэвх эрчтэй сэргэнэ гэдгийг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!