Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ажлаас халагдах өргөдлөө өнөөдөр өгчээ.

Өнгөрсөн 9 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр шатахууны хомсдолтой холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд анхааруулсан. Тэгвэл тэрхүү албан тушаалтан нь Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болж, ийнхүү албан тушаалаасаа өгсөн бололтой.  

Манай улсад өнгөрсөн сарын сүүлээс эхлэн шатахууны нөөц хомстож, иргэдэд хязгаартай олгож эхэлсэн. Учир нь ОХУ-аас нийлүүлэхээр тохирсон автобензинийнхээ талыг нь нийлүүлсэн, БНХАУ- аас авахаар тохирсон автобензиныг төмөр замаас баталж өгөөгүй гэх шалтгаанаар хомсдол үүссэн.  

Уг нь ОХУ-ын талаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шатахууны экспортоо багасгана гэдгээ мэдэгдсэн. Гэвч манай төрийн байгууллагын бодлогын алдаа  гарсныг салбарынх нь шүүмжилсэн.  Тухайлбал өмнө нь УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар  “Өмнө нь уул уурхайн сайдаар ажиллаж байсны хувьд шатахууны нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүрсэн нь байдал дэндүү дор орсны шинж.  Үүнийг зохицуулах нь тийм ч хэцүү зүйл биш. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барьсны хүчинд 52 тэрбум төгрөгийг ард иргэдийнхээ халаасанд үлдээж чадсан. Үнийн тогтвортой байдал цаашид ч үргэлжлэх боломж бүрэн байсан. Харамсалтай нь тэр үед хийсэн бодлогын чанартай асуудлуудыг үргэлжлүүлж чадаагүйн улмаас  ийм байдалд хүрлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг бодлогын маш том алдаа гаргасныг мэдэгдсэн. 

Тэгвэл энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ийнхүү Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраар туг тахиж, суудалдаа үлдэж байна. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт сайд нарын хариуцлагын асуудлыг хэлэлцэхээр байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулсан. Бүлгийн асуудлыг хэлэлцэлгүй, хойшлуулсан шалтгаан нь ийн тайлагдаж байгаа бололтой. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимдаа салхи оруулахгүй, аль нэг сайдыг “сугалахгүй байх” санаа нь биелэлээ олж байна.