Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг ирэх жилээс сар бүр олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх шаардлагыг хангасан сурагчдад өмнө нь 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан. Улмаар тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянга, 2020 онд 200 мянга болж тус тус нэмэгдүүлсэн. 

               Харин ирэх жилээс уг тэтгэлгийг сар бүр олгохгүй, төгсөхөд нь бөөнд олгохоор шийдвэрлэсэн талаар салбарын сайд нь мэдээллээ.  

Манай улсад  мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 гаруй мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх. Тэдгээр суралцагчдад олгодог энэхүү тэтгэлэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой. Гэвч  халамж хэлбэртэй болсон учир, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд ийм шийдвэрийг гаргасан байна.  Тооцоолж байгаагаар, МСҮТ-ийн нэг суралцагч төгсөх үедээ дунджаар 2-3 сая төгрөгийн хуримтлалтай болох аж.

Ташрамд дуулгахад,  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг байсан бол ирэх жилээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагдахаар болсон байна.