Манай банкны тогтолцоонд харилцагчаа зөвхөн зээлдэгч гэж харан алив төрлийн бүхий л хэлбэрээр хөрөнгийг нь шулдаг харгис систем үйлчилдэг. Хамгийн харамсмаар нь цахимаар гүйлгээ хийхээс эхлээд бүхий л үйл ажиллагаагаа хэт өндөр үнээр үнэлж, иргэдийн мөнгийг урсгадаг тэд үүнийгээ байх л ёстой зүйл мэт ярьж, хэлж, ойлгуулдаг.

Худалдаа хөгжлийн банк  харилцагчийнхаа боломжийг хулгайлдаг, өдгөө ч хулгайлсаар байж болзошгүй талаар иргэн Г.Сэржхорол анхааруулжээ. Учир нь Г.Сэржхорол 11 жилийн өмнө ХХБ-наас жилийн 16 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн орон сууцны зээл авчээ. Тухайн үед ипотекийн / 8 болон 6 хувь/ зээл гараагүй байсан учир өнгөрсөн хугацаанд зөвхөн хүүнд 146 сая, үндсэн зээлдээ 25 сая төгрөг төлсөн байна. Ипотекийн зээлийн дээд хязгаар нь 80 ам метр байдаг учир хамрагдах боломжгүй байсаар энэ сарын 10-нд зээлээ хаалгажээ.

Гэтэл түүний байр МИК /Монголын Ипотекийн Корпораци/-д зээлийн бүртгэлтэй байжээ. Асуудлыг судалтал 2017 онд Худалдаа хөгжлийн банк түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалж МИК-с 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчихсан байжээ.

Үүнээс хоёр зүйл анхаарал татна.

  • Ипотекийн зээлийг 80м2 хүртэлх байранд өгнө гэж заасан атал Худалдаа хөгжлийн банк санхүүжилт босгохоор зорилгоор 94м2 байрыг барьцаалж, хууль зөрчин төрөөс мөнгө босгожээ.
  • Худалдаа хөгжлийн банк зээлийнхээ харилцагчийнхаа боломжийг хулгайлж, төрийг хуурснаар 4 жилийн хугацаанд зөвхөн хүүний зөрүүнд гэхэд л 16 сая төгрөг олсон байна.

Харамсалтай нь Худалдаа хөгжлийн банкныхан үүнийгээ  байдаг л үйл ажиллагаа, хуулийн дагуу гэж тайлбарлажээ. Ингэхдээ "Энэ бол ганцхан иргэн Г.Сэржхоролын орон сууцыг барьцаалсан асуудал биш. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн, банкны салбарт байдаг л үйл ажиллагаа. Үүнийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй" гэсэн байна.