Олимпын аварга Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ

Б.Ариунзаяа
2022/05/12

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болно. Тус шүүх хуралдааныг шүүгдэгч, хохирогчдын талаас гаргасан саналын дагуу хаалттай явуулах юм.  

Тус хэргийн урьдчидсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 29-нд болсон. Хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцсон. 

Улмаар шүүх хуралдааны товыг тавдугаар сарын 12-нд буюу өнөөдөр болохоор тогтоож, нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай байдлаар хийх шийдвэр гарсан юм. 

Хэргийг эргэн сануулахад, бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан юм. Прокурор нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн юм. 

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна