Аж үйлдвэрийн төслүүдийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Админ
2022/05/12

 МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн шаардлагыг хангаж, зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар нь ашиглан төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж буй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

 Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн хуурай аргын цементийн үйлдвэрийг “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хамтарсан хөрөнгө оруулалтаар 2015 онд ашиглалтад оруулсан билээ. Хуурай арга ашигласнаар эрчим хүчийг 4.5 дахин бага ашигладаг байна. Мөн үйлдвэрийг дагасан дэд бүтцүүдийг бүрэн шийдэж, 10/6 кВ дэд станц, 53 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 3.5 км урт 3 салаа төмөр зам, 10 км урт ус хангамжийн нэгдсэн систем, ус цэвэршүүлэх байгууламж, ажилчдын орон сууцны хорооллыг тус тус ашиглалтад оруулжээ.


 “Монцемент” үйлдвэр WHR технологийг 2016 онд Монголд нэвтрүүлсэн бөгөөд тус технологи нь байгаль орчинд ээлтэй, халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэхүү технологийг нэвтрүүлснээр азотын хий, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээс гадна эрчим хүчээ хангах боломжтой юм.
 
“Монцемент” үйлдвэр нь 2014 онд нийт хөрөнгө оруулалтынхаа 20 хувийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус үйлдвэр цементийн дотоодын зах зээлийн 35-40 хувийг өндөр чанарын цементээр хангаж, 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байрыг бий болгоод байна гэж Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун танилцууллаа. Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 2015 оноос хойш 24 удаагийн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэв.


 Ам.доллараар зээл авсан дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьд валютын ханшны өсөлтөөс үүдэн ихээхэн алдагдал хүлээж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин валютын ханшны өсөлтөөс аж ахуйн нэгжүүдэд учирсан алдагдлыг бууруулах талаар арга хэмжээ авах хүсэлтийг Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдад уламжилсан гээд зохих журмын дагуу зээл авч, зориулалтаар нь зарцуулсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар харилцан ойлголцох, эргэж харах олон асуудал байгааг онцлов.


 
Дээрх төслүүдийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, шинээр ажлын байр бий болж, импорт буурсан зэрэг бодит үр дүн гарсан билээ. Түүхий эдээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм төслүүд цаашид амжилттай хэрэгжсэнээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөөтэй төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарт эдийн засгийн өндөр нөлөө үзүүлэх ач холбогдолтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна