Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: 

- Яамны зүгээс 6 дугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг И монголиа-д оруулахаар ажиллаж байна. Одоогоор улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахимжаад байна. Үйлчилгээгээ цахимжуулахдаа иргэдийн зүгээс хамгийн их гомдол гаргасан үйлчилгээнээс эхэлж цахимжуулдаг. 

- Энэ сараас эхлэн тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80100 орчим гарын үсэг олголдоод байна. Иргэд тоон гарын үсэг авснаар  гэрээ хэлцэл, банкны зээл үйлчилгээгээ биеэр очихгүйгээр авч болно. Мөн цахим орчинд өөрийгөө баталгаажуулж, танигдана. Өмнө нь заавал хурууны хээгээ өгч банкны үйлчилгээгээ авдаг болоод зогсохгүй хамгийн гол нь гэрээ хэлцэлээ тоон гарын үсгээр хийгдэх боломж нээгдсэн. 

- Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа бөгөөд энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангагдана гэсэн үг. 

Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичиж, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү заавал утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой. Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж үүсэж байна. 

Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ бий. Нөгөө талаар иргэд гаднын платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна.