Монголын маань ирээдүй гэрэлтэй байгааг харах ямар сайхан гээч. Эрүүл мэндийн хувьд хэдэн шат ахисан, энх амьдрах дадал зуршил суусан, байгалиа хайрлах сэтгэлтэй бас дээр нь тогтвортой хөгжиж, амьдрах чадвартай ирээдүй өсөн торниж байгааг харах урамтай байлаа. Алс хол мэт боловч ахархан богино хугацааны дараа эх орон минь ирээдүйн эзэд минь таатай сайхан аж төрөх нь. Ийм нэгэн гэгээлэг бодлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тогтвортой хөгжлийг дэмжигч эко цэцэрлэг, сургуулиудтай танилцах үедээ тээсэн юм.
Цэцэрлэгийг бид зөвхөн хүүхдүүдэд дуу хөгжим, бүжиг, шүлэг заадаг төдийхнөөр төсөөлдөг байсан цаг саяхан. Гэвч өнөө үеийн цэцэрлэгийн хүүхдийн сурган хүмүүжүүлэх ухаан тэлж, багш нарынх нь чадвар нэмэгджээ. Тэд зөвхөн хүмүүжүүлэгч байгаад зогсохгүй хөгжүүлэгч, чиглүүлэгч болсон байна.

... Та хүүхдээ энхрийлэн тэвэрч, анхааран сонсож, тэвчээртэй хандан, амгалан дөлгөөн харилцаж, сайшаан магтаж, хамтдаа хөгжин баясан хамгийн сайн анд нөхөр, халамжит ээж аав байгаад тань талархал илэрхийлье...
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн ханан дээрх энэ үг яагаад ч юм өнөөгийн хүүхэд хүмүүжүүлэх ухааны судар мэт. Бид хүүхдээ анхааран сонсож, аливаа үйлдэлд нь тэвчээртэй хандаж, амгалан дөлгөөнөөр харилцдаг билүү. Зөв магтаж, зөвхөн өөрт нь цаг гаргадаг билүү... жижигхэн талбайд чимэг болон өлгөгдсөн энэхүү жаазан доторх үгс хэмжээнээсээ хэд дахин ихийг бодогдуулна.
Бага насны хүүхэдтэй гэлтгүй бүхий л насны хүүхдүүдтэй эцэг, эх та хүүхдүүдээ өдөрт хэр их ус уусан, хэдэн удаа өтгөнөөр бие зассан, өдөрт хэдэн удаа гараа угаасан, шүдээ угаасан вэ гэдгийг анзаардаг уу. Гэртээ хүүхдээ хардаг ээж, аавуудыг эс тооцвол ихэнх эцэг, эх энэ асуултад толгой сэгсрэх биз.
Хүн бага насандаа олсон зуршлаа хаяж гээдэггүйг олон судалгаагаар тогтоосон байдаг. Тиймдээ ч хүүхдийн сэтгэл зүйч, эмч нар аль болох бага насанд нь зөв дадал зуршил суулгахыг эцэг эхчүүдэд зөвлөдөг. Тэгвэл энэхүү шинжлэх ухаанд суурилсан онол дээр тулгуурлан ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл зөв дадал зуршлыг суулгаж, амьдрах ухаанд сургаж эхэлжээ.

Ус уусан хүүхдийг урамшуулдаг цэцэрлэг
Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч, “Мөнгөн гэрэгэ”-гийн эзэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг 270 хүүхэдтэй. Тэд суралцагч хүүхдүүддээ эрүүл амьдралын дадлыг сургах тал дээр илүүтэй анхаарч, олон ажлуудыг хэвшүүлжээ.
Өнөөгийн хүүхдийн эрүүл мэндийн нэн анхаарах асуудлын нэг бол яах аргагүй шингэний дутагдал. Усны дутагдал хүний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд аюул учруулдаг. Ялангуяа хүүхэд байнгын идэвхтэй хөдөлгөөнд оршдог тул энэ хэрээр усны шаардлага нэмэгддэг. Усны дутагдалд орсон хүүхдийн ой тогтоолт муудан, хичээлийн үеэр бусдыгаа үймүүлэх, хичээлдээ анхаарал сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдийг тогтмол “усалж” байх шаардлагатайг эмч нар зөвлөдөг.
Энэхүү чухал хэрэгцээг соргогоор мэдэрсэн тус цэцэрлэгийн хамт олон анги бүрт шүүлтүүртэй цэвэршүүлсэн устай болж, хүүхдүүдээ ус уух тоолонд нь урамшуулдаг аж. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдийнхээ өтгөнөөр бие зассан эсэхийг нь тэмдэглэдэг самбарыг ч мөн ажиллуулдаг нь шинэ содон бөгөөд өдөрт тогтмол өтгөнөөр бие засах нь хүүхдийн эрүүл мэндийн хувьд ихээхэн чухал гэдгийг эцэг эхчүүдэд ч давхар ойлгуулах ажил болсон нь ихээхэн сонирхол татаж байсан юм. Эрүүл зөв дадлыг хэвшүүлэх соёл зөвхөн Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийнхэн төдийгүй Сэлэнгэ аймгийн бүх сургууль, цэцэрлэгт өргөнөөр нэвтэрчээ.


Сэлэнгэ аймгийн хүүхдүүд зөв дадал хэвшилд суралцаж байна
Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Л.Наранцэцэг:
Сэлэнгэ аймгийн Боловсролын газраас хүүхэд бүрийг зөв дадал хэвшилтэй болгох асуудлыг 2008 оноос хойш дэвшүүлж, тодорхой ажлуудыг хийж ирсэн. Аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийг эрүүл мэндийг дэмжигч болгохоор зорьж бүх суралцагсадаа эрүүл мэндийн карттай болсон. Өөрөөр хэлбэл бүх хүүхдүүдээ эрүүл мэндийн карттай болгож, эрүүл мэндийн үзлэгт жилд 2 удаа хамруулдаг болсон.
- Мөн гар угаах, шүд угаах дадал зуршил суулгах ажлыг олон жилийн өмнөөс зохион байгуулсан. Ингэснээр Сэлэнгэ аймгийн хүүхдүүд гараа угааж хэвшсэн. Манай иргэд сая корона-гийн үед гараа угааж сурсан бол Сэлэнгэ аймгийн хүүхдүүд аль хэдийн гараа угааж, хэвшээд сурчихсан байсан.
- Бид хүүхэд бүрийг ус ууж сургах аяныг амжилттай зохион байгуулж байна. Бүх хүүхдийг ус ууж сургахын тулд эхлээд сургууль цэцэрлэгийн ангиудаа ус буцалгагчтай болгосон ч эрүүл ахуй болон аюулгүй байдал талаасаа шаардлага хангаагүй тул шүүлтүүртэй цэвэршүүлсэн усны аппараттай болгосон. Зарим сургуульд ийм усны аппарат анги болгонд бий.
- -Одоо дасгал хөдөлгөөнийг хэвшил болгохоор ажиллаж байна. Үүний хүрээнд зарим сургууль дасгалыг бүжгийн хөдөлгөөнөөр хэвшүүлж байгаа бол зарим сургууль 3 дугаар цагийн завсарлагаанаараа сурагчид бүгд гарч, дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн байна гэлээ.

Баримал урлаж, байгалиа тэтгэдэг цэцэрлэгийнхэн
Хүүхдүүд ийнхүү ус ууж сурахынхаа хажуугаар зөв хооллож, эрүүл зөв хүнс хэрэглэж, амьдрах ухаанд ч суралцаж байна.
“Амьдрах ухаан” гэдэг зүйл бид саяхныг хүртэл буруугаар ойлгож, түүнийгээ хүүхдүүддээ тулгадаг байв. Чи онц л сурвал амьдрал чинь сайхан болно, зам чинь зурайна, дардан байна гэж сургасаар хүүхдүүдээ дүнгийн хойноос гүйлгэж, амьдрал дээр зөвхөн тоо л бодож чаддаг “гонзойнуудыг” бэлдчихсэн. Тиймээс өмнөх үеийнхээ энэхүү алдааг давтахгүйн тулд боловсролын байгууллага хандлага, чиглэлээ өөрчилжээ. Тэд ирээдүйд илүү бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл мэндийн боловсролтой, жендэрийн мэдрэмжтэй иргэд бэлтгэхийг илүүд үзэж байна.




Зочилж очсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 болон 7 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид цэцэрлэгийнхээ үүдний дэвсгэрээс эхлээд өлгөж тогтоох тоглоомоо оёжээ. Тогтвортой хөгжлийг дэмжигч цэцэрлэгийн багш нар хамгийн бүтээлч, санаачилгатай, аливаад мэдрэмжтэй ханддаг гэх магтаал “бай”-гаа яг л оносон мэт.
Тухайлбал 7 дугаар цэцэрлэгийн багш ажилчид цэцэрлэгийнхээ газрын 70 хувьд мод тарьж, жил дараалан аймгийнхаа хамгийн шилдэг эко хамт олноор тодорсон бол 4 дүгээр цэцэрлэгийнхэн гаднаа байрлах бүх амьтдынхаа баримлуудыг өөрсдөө урлажээ. Мөн тэд цэцэрлэгийнхээ коридороор зурайх цагаан дэвсгэр дээр нэг бүрчлэн амьтны дүрс оёж, хүүхдүүд явж байхдаа ч суралцаж байх орчинг бүрдүүлсэн байна.
Хамгийн олзуурхууштай нь дээрх цэцэрлэгүүд бүгд өрөө болгоныхоо булан тунчиг гоёхноор тохижуулж, номын сан болгон хувирсан байв. Өнгөт энэ орчлонгийн сайн сайхан, сонин хачин адал явдлуудыг номгүйгээр яаж төсөөлөх билээ. Ном бол ертөнцийг харах цонх шүү дээ.
Ном гэснээс, биднийг очихоос өмнө Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүд эцэг эхийн зөвлөгөөнөө хийж, дор бүрнээ тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцжээ. Тухайлбал Сүхбаатар Сумын Долдугаар цэцэрлэгийнхэн өнгөрсөн гурван сарын хугацаанд хүүхдүүдээ дэлгэцийн донтолтоос сэргийлэх, түүний хор уршгийн талаар нийт 20 гаруй арга хэмжээ зохион байгуулснаас гадна “Дэлгэцийн донтолт болон гар утас хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлж, Хүүхдүүддээ цаг гаргацгаая" сэдэвт эцэг эхийн хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулснаа танилцуулж байсан юм.
Энэ мэтчилэн Сэлэнгэ аймгийн цэцэрлэгийн байгууллагуудаар аялах урамтай байлаа. Монголын ирээдүй эзэд зөв хүмүүжиж, сайхан торниж байна.


































хүүхдүүд маань Хөөрхөн хөгжиж бнашү