Булган аймгийн “Нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төсөл"-ийн нээлт өнөөдөр боллоо. НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын санхүүжилтээр МҮХАҮТ, Булган аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд Булган аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дүгнэлт хийж, хөгжлийн боломж, давуу талуудыг тодорхойлох юм. Уг төслийн талаар Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол Улс дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко "Систем динамик загварыг боловсруулахад олон янзын үзүүлэлтүүдийг авч үздэг. Тиймээс боловсруулалтын явцад орон нутгийн зүгээс бодит мэдээллээ гаргаж өгч байж үр дүнд хүрнэ. Загвар боловсруулах үйл явц нь шинэлэг, нээлттэй. Илүү алсыг харсан, олон хүчин зүйлсийг авч үздэг" гэв.
Төслийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ онцгой үүрэгтэй оролцож байна. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Өнөөдөр хот, хөдөөгийн тэнцвэр алдагдаж, нийгэм, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, орлогын ялгаа их байна. Шилжилт хөдөлгөөн ажлын байр, орлого, хүүхдийн боловсрол, амьдрах орчин нөхцөлөөс шалтгаалж байгааг олон судалгааны үр дүн харуулж байна. Булган аймгийг жишиг болгон Систем динамикаар хөгжлийн загварыг тодорхойлж, зөв системтэйгээр хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, түүнийг дагасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах тухай ярьж, хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр дэмждэг, хамгаалдаг институц болгохыг зорих нь чухал. МҮХАҮТ систем динамикийг бий болгохыг зорьж ажиллаж ирсний хувьд идэвхтэйгээр хамтран ажиллана” гэв.
Дэлхийн эдийн засгийн форумын "Их сэргэлт" санаачилгын үзэл баримтлал, бизнесийн орчны судалгаануудын үр дүнд тулгуурлан МҮХАҮТ-аас "Эдийн засгийн Их сэргэлт"-ийн бодлогыг санаачилж, Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлан зургаан багц асуудлыг тодорхойлсны нэг нь Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого юм.
Төслийн нээлтийн арга хэмжээнд оролцсон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ "Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд бодит хувь нэмэр оруулах төсөл Булган аймагт хэрэгжихээр болж байна. Төслийг үр дүндтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс бүхий л боломжоор анхаарч ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Булган аймаг эдийн засгийн бүтцээ сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгаа нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэх, улмаар өрсөлдөх чадвар, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлснээр аймгийн ДНБ 2021 оны гүйцэтгэлээр 485.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ 2020 онтой харьцуулахад 21.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийн орон нутгийн удирдлага онцолсон юм.
Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загварыг боловсруулах төслийн гүйцэтгэгчээр зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээний "Валью Юнайтэд Партнерс" ХХК ажиллах бөгөөд төслийн хүрээнд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн үндсэн гурван бүлэг, дэд 14 бүлэг, нийт 80 гаруй үндсэн үзүүлэлт, 8 мянга гаруй хувьсагчийг авч үзэж хоорондын хамаарлыг судлан загварчлалыг гаргах юм. Булган аймгийн хувьд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хөгжлийн цогц асуудлуудыг тодорхойлсон системийн динамик загварыг боловсруулах анхны загвар аймаг болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.227
Хөгждөггүй газар шүү,
Хариулах