Улсын аваргын эхний өдөр 10 жингээс долоод нь шинэ аварга төржээ

Админ
2022/06/29

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ. 

Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын аваргуудаа тодруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд есдүгээр сард Сербийн Белград хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэйгээс гадна амжилттай оролцсон тамирчдыг үндэсний шигшээ багт сонгож авах юм. Өнөөдөр 57, 61, 65, 70, 74 кг, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын барилдаан боллоо.

 
Энэ өдөр онцлох гал гарсан сонирхолтой барилдаануудаар дүүрэн болсон бөгөөд эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Лас-Вегас-2015”, “Парис-2017”ДАШТ-ий хошой хүрэл медальт гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга шөвгийн наймд таарч барилдсан. Тэд хоёр жилийн өмнө Улсын аваргад 57 кг-д хагас шигшээд таарч Т.Түвшинтулга 4:4-өөр ялж байсан энэ удаа 9:5-аар дахин ялав. 

Бооёо шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүүд 0:10-аар ялагдсан. 65 кг-д таамаг ёсоор ОУХМ Т.Тулга, Ц.Цогбадрах нар финалд шалгарсан. Тэд энэ жил гурав дахь удаагаа таарч байгаа бөгөөд нэгдүгээр сард “Сорил” тэмцээнд Цогбадрах, хоёрдугаар сард Стамбулд болсон Яшар Догуд Т.Тулга ялсан. Тэгвэл өнөөдөр хайнаа хагалах барилдаанд Ц.Цогбадрах хүчтэй өрсөлдөгчөө 4:1-ээр ялснаар дэлхийн аваргад зодоглохоор болов. 74 кг-ын жинд олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон бөгөөд улсын хошой аварга ОУХМ З.Сумъяабазар ОУХМ Баянхонгорын Э.Бямбадоржид 2:3-аар, 2018 оны улсын аварга ОУХМ Б.Бямбадорж спортын мастер О.Сүлдхүүд 4:5-аар ялагдсан. 


Э.Бямбадорж хагас шигшээд “Хилчин”-ий Б.Сандуйжадамбад 6:6-гаар ялагдан таамаг эвдсэн. Ингээд 22 настай Б.Сундуйжадамба, 21 настай О.Сүлдхүү нар хэн хэн нь энэ жинд анх удаа финалдснаас О.Сүлдхүү 4:2-оор ялж аваргалсан.

Эмэгтэйчүүдийн 62 кг хамгийн сонирхол татсан жин байсан бөгөөд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, “Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Б.Хонгорзул гэсэн шилдгүүд тойргоор өрсөлдөж Чимэдээ гавьяат гол өрсөлдөгч нараа туршлага заан ялж Белградыг зорих эрхээ авав. Ийнхүү гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зургаа дахь удаагаа (2013, 2014, 2017, 2019, 2020, 2022 он) Монгол Улсын аваргаар тодорч, ОУХМ Ц.Цогбадрах, Э.Тэмүүлэн нар хошой аварга болж 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 74 кг-д О.Сүлдхүү, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар анх удаагаа улсын аварга болцгоолоо.


ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН:


Эрэгтэйчүүдийн 57 кг:
1. Занданбудын Занабазар (Хилчин)
2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)
3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)
3. Батжаргалын Төгс (МУБИС)
61 кг:
1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)
3. Энхбатын Энхболд (Аваргууд)
65 кг:
1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
2. Төмөр-Очирын Тулга (Хүч)
3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)
3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
70 кг:
1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)
3. Гансүхийн Бэгзжав (Алдар)
3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)
74 кг:
1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)
2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
Эмэгтэйчүүдийн 62 кг:
1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
3. Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг:
1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)
3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)
68 кг:
1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)
3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)
72 кг:
1. Энх-Амарын Даваанасан (Алдар)
2. Баярбаатарын Сарнай (Налайх)
3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)
76 кг:
1. Ганбатын Ариунжаргал (Алдар)
2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)
3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Гэрэл зургийг Ж.Адилбиш


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна