Хөгжлийн банкны эрсдэлтэй зээл НЭГЭЭР ХУМИГДЛАА

Админ
2022/07/01

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартайгаа эхлүүлсэн тэмцэл үр дүнд хүрч эхэллээ. Тэд муу зээлдэгч нараа зарлаж, олон нийтийн анхааралд авчирсан. Өмнө нь Хөгжлийн банк ингэж бүхнээ илчилж, бүгдийг нь зарлаж байсангүй. Үйл ажиллагаа нь хаалттай, нийгэм рүү мэдээлэл нь хүрдэггүй байсан. Хөгжлийн банк нээлттэй байдалд шилжиж, 7 хоног тутам зээлийн эргэн төлөлт, түүний явц, зээл төлүүлэхээр ямар арга хэмжээ авч байгаагаа хүртэл хэлчихдэг болсон. Энэ нь эцсийн дүндээ зээлийн чанарт сайнаар нөлөөлж, чанаргүй зээлүүд төлөгдөж эхэллээ. 

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй "том толгой"-той, том эзэдтэй компани, аж ахуйн нэгжтэй тэмцлээ ширүүхэн үргэлжлүүлж, сүүлийн таван сарын хугацаанд зээлийн эргэн төлөлт эрс сайжирсан байна. Зээлээ төлөхгүй байсан нь төлж, үүргээ ухамсарлах хэмжээнд ирсэн нь зөв соёл тогтоох эхлэл юм. Дараа дараагийн муу түүх бичигдэх, давтагдах замыг үүгээр бас хамт хааж байна гэсэн үг. 

Үүний бичих болсон нь “Кью Эс Си” компани өрөө барагдуулсан явдал юм. Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчийн нэг нь “Кью Эс Си”. Тус компани 2014 онд Төмөртэйн ордоос Баянголын төмөр зам хүртэл 33.4 км төмөр зам барихаар 71.3 сая ам.долларын зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлт нь 2018 оны дундаас тасалдаж, төлбөрийн зөрчил нь 3.8 жилийн өмнөөс бий болж, чанаргүй зээлдэгчийн эгнээ рүү шилжсэн байдаг. Тэгвэл Хөгжлийн банкны хагас жилийн шахалт, шаардлага, хариуцлага нэхэх хүрээнд “Кью Эс Си” компани 191.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлээ удаан хугацааны дараа бүрэн төлж, эрсдэлтэй зээл нэгээр хумигдлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна