“Монгол орны хөгжилд” 17 дугаар чуулганаар технологийн хөгжлийг онцоллоо

Админ
2022/07/04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын хүрээнд “Цахим өртөө ТББ”-аас “Монгол орны хөгжилд чуулган-Технологийн зөвлөгөөн”-ийг 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. 

17 дахь удаагаа зохион байгуулж буй “Монгол орны хөгжилд” чуулганаар Технологийн салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиг хандлага, Хилийн чанад дахь монголчууд ба E-Mongolia, Өгөгдлийн засаглал ба тусгаар байдал, Кибер аюулгүй байдал ба дотоод халдлага гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Тус чуулганыг үндэсний болон олон улсын шилдэг мэдээллийн технологийн компаниудад ажиллаж, суралцаж буй монгол залуус салбарын сүүлийн үеийн хөгжил, шигшигдсэн сайн туршлагаас хүргэх зорилгоор зохион байгуулдаг юм. 

Тухайлбал, АНУ-ын Adobe компанийн Програм хангамжийн инженер, “Breathe Mongolia” ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, Технологи хариусан захирал Г.Уянга, АНУ-ын Enterprise holding компанийн Програм хангамжийн шийдлийн инженер Н.Баасандорж, And Global компанийн Технологи хариуцсан захирал П.Отгонбаяр, Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, Чимэгэ Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бадрал зэрэг технологийн компаниудад амжилттай ажиллаж буй залуус оролцон, өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцлаа. 

“Монгол орны хөгжилд” чуулганыг 2005 онд “Цахим Өртөө” ТББ-ын гишүүд, Британи дахь монголчуудын санаачлагаар энэхүү чуулганыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудынхаа сайн туршлагыг Монгол Улсынхаа хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор эхлүүлжээ. 

Технологийн зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг маргааш болох “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын үеэр танилцуулна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна