Өнгөрсөн амралтын өдөр /2022.07.02/ Ардчилсан намын Их хурлын үеэр тус намын гишүүн Д.Алтанхуяг С.Эрдэнийг түлхэн унагаж, зодсон. Улмаар тэрбээр 48 цаг саатуулагдсан. Тэгвэл прокурорын байгууллагаас түүнийг саатуулагдах хугацааг 30 хоногоор сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ. Харин шүүх тус саналыг хүлээн авахаас татгалзаж, Д.Алтанхуягт хилийн хориг тогтоож, С.Эрдэнэтэй уулзахыг нь хоригложээ. Тэрбээр ISEE.mn сайтад байр сууриа илэрхийлсэн байна.

Д.Алтанхуяг:

  • -Миний хувьд намынхаа Их хуралд албан ёсоор төлөөлөгчөөр оролцохдоо хурлыг дэгийн дагуу явуулаач гэдэг шаардлага тавьсан. Учир нь хурал дэгийнхээ дагуу бус зохиомол жүжиг хэлбэрээр явагдсан учраас бухимдлаа илэрхийлсэн. Гэтэл үүнийг давсалж зохиомолоор өөр нотлох баримтууд олдсон мэтээр олон нийтэд ойлгуулж, хутга мэс ашиглаж, хүний амь насанд халдахыг завдсан, орон гэрийг нь шатаана гэж заналхийлсэн гэх байдлаар гүтгэж, цагдаагийн байгууллагад гомдол өгсөн байна. Цагдаа энэ гомдлын дагуу заналхийлсэн гэмт хэрэг үйлдэж байгаа юм байна. Тиймээс 30 хоног цагдан хорих  санал гараад явсан байна.
  • -Ямарваа нэг улстөрийн намын хурал дээр гишүүн нь удирдлагууддаа хандаж хэлсэн ширүүхэн шаардлага, сэтгэл хөдлөл болгоныг заналхийлэл гэж авч үзэх юм бол  улстөрийн нам цаашид яаж  хөгжиж явах юм бэ. Намын үйл ажиллагаа чинь гишүүдийн оролцоо, санал хүсэлт дээр тулгуурлаж явдаг болохоос биш ганц нэг даргын хүсэл сонирхолоор явдаг зүйл биш шүү дээ.
  • -Миний хувьд тухайн үед хүнд гэмтэл авсан. 10 гаруй хүн тал талаас зодсон, цохисон. Шүүхээр явна.  
  • -Ардчилсан үзэлтэй, АН-ын төлөө гэх сэтгэлтэй гишүүдээсээ хүлцэл өчье. Би шударга ёсны төлөө чин сэтгэлээсээ асуудалд хандсан. Зохисгүй үйлдэл гаргасан бол уучлалт гуйж байна.