Тангадын Галсан, Хорлоогийн Цэвлээ нар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Админ
2022/07/06

Монгол Улсын соёл урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж, яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгож, хүн ардыг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, Монголын уран зохиолыг сурталчлах, сурвалжлан бичих, үндэсний бичгийг дэлгэрүүлэх, эх хэл, өв соёлоо хамгаалах, ёс заншлыг уламжлуулан үлдээхэд хичээнгүйлэн зүтгэж, олон зуун эрдэмтэн, судлаач, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэхэд үр бүтээлтэй ажиллан орчин цагийн утга зохиолын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

ШАРАВЫН НОРОВСАМБУУД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ


Авто тээвэр, газар тариалангийн салбарт тасралтгүй 40 шахам жил хөдөлмөрлөхдөө Монгол Улсад атар газар эзэмших, газар тариаланг хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн 1 га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн улсдаа тэргүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн хамт олноо улсын “Тэргүүний тариаланч хамт олон”-оор удаа дараа шалгарахад идэвх санаачилга гарган манлайлан ажиллаж, ард түмнээ эрүүл хүнсээр хангах, авто тээвэр, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж “Анхтамир” ХХК-ийн захирал, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

ДАХЫН ГОТОВТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ


Галч, монтёроос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Холбооны яамны сайд хүртэл дэвшин улс эх орондоо 50 шахам жил ажиллахдаа Монгол Улсыг бүрэн холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж, харилцаа холбооны үсрэнгүй хөгжлийг хангах суурь дэд бүтцийг бий болгоход хичээн зүтгэж, Харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, төгөлдөршүүлэх, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд гаргасан санал санаачилга, Монгол Улсын дипломат алба, харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Ардын Их Хурлын депутат, Холбоо эрхэлсэн орлогч сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭВ


Улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болоод радио телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх болон радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга хийгээд хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.23.59
    2022/07/06

    Тоо дотор үсэг гэгчээр энэ хорчин нөхөр баатар аа гэж бүр утгаа алдаж дээ.

    Хариулах
  • 192.82.86.179
    2022/07/06

    Хүн бүр өөр өөрийн бодолтой л байгаа байх. Өнөөдрийн шагнагдсан хзмүүс ер нь ханатай шүү. Сошиалаар нүдээд шагнал авч, өгдгийг л болимоор. Хэн ч танихгүй, юу хийж бүтээсэн нь тодорхойгүй хэн ч бишүүд их шагнагдах болсныг өөрчлөх л хэрэгтэй. Цэвлээ гуайд хөдөлмөрийн баатар, Намжил гуайд гавьяат цол өгсөн нь их л оройтож байж очлоо доо.

    Хариулах