​МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа

Админ
2022/07/06

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллахаар тохиролцлоо. 
Үүний зэрэгцээ МҮХАҮТ, БНКазУ-ын Үндэсний бизнес эрхлэгч нарын танхим “Атамекен”, Алматы хотын танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв. 
Мөн БНКазУ руу Монголын махны экспортыг сэргээн, нэмэгдүүлэх, Казахстан Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан төв Азийн бусад улс орнууд болон Иран, Азербайжан, Турк зэрэг улсууд руу транзит тээвэр хийх боломжийн талаар ярилцлаа.   

Цар тахал, геополитикийн хүндрэлтэй энэ цаг үед улс хоорондын худалдаа хийхэд тулгамдаж буй асуудал бол тээвэр логистик. Хоёр талын худалдаа, зорчигч тээврийн урсгал, харилцааг цаашид сэргээн нэмэгдүүлэхэд Цагаануур-Ташантын боомтын дэд бүтцийг шинэчлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн  хүрээнд хийхээр төлөвлөж байгаа хоёр талын өндөр, дээд хэмжээний айлчлалуудтай уялдуулан бизнес форумуудыг хоёр талд тус тус харилцан зохион байгуулахаар тохиролцлоо. 

Хоёр орны аж үйлдвэрлэл, тэр дундаа Монголын ноос, ноолуур, арьс шир, Казахстаны чөлөөт бүсээс туршлага солилцох, бизнесийн эдгээр болон бусад чиглэлээр хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна