Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна. 

Энэ жилийн наадамд өмнөх 2019 оны наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн шийтгэлийн улмаас цолоо хураалган, арслан цолтой зодоглож байгаа билээ. Тэрбээр гурвын даваанд аймгийн арслан Ё.Улсболдод өвдөг шороодсон. Гэвч барилдааны дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан юм. Тэрбээр энэ талаар тайлбар өглөө.

Э.Оюунболд: 

- Аймгийн арслан Ё.Улсболдтой эхлээд барилдахад би давсан. Гэтэл Хөлийн цэц дахиж барилд гэсэн. Гэхдээ сүүлийнх дээр бараг барилдсангүй. Үндэсний бөхийн холбоо ганц миний эсрэг л юм хийдэг холбоо болж.

- Олон түмний нүдэн дээр муухай үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байна. Үнэхээр биеэ барьж дийлсэнгүй. 

-  Надад бухимдах олон зүйл байна. Дөнгөж өчигдөрхөн аавынхаа 49 хоногийн хураачихаад барилдаж байна. Гэтэл хүмүүс над руу дайрсаар л байх юм. Би бүх өр төлөөсөө төлсөн. Цолоо ч өглөө, хийгээгүй хэргээ ч хүлээлээ.

-  Хүнд элэг бүтэн байхаас илүү аз жаргал байдаггүй. Аавтайгаа би 2014 оноос хойш наадсан. Энэ их хэл амыг дийлэхгүй юм байна. 

- Олон залуучууд хохирч байна даа. Нэгийн даваанд унасан бөх хоёрын даваанд барилдаж ч байх шиг. Монголын Үндэсний бөх хаашаа яваад байгаа юм бээ. Допингийн холбоо нь ажлаа хийхгүй байна. Арбитрын шүүх гэж байгаагүй бол би 10 жилийн барилдах эрхээ хасуулах байсан. Би 4 жил барилдаагүй. Цолоо ч хураалгасан. Одоо надаас юу хүсээд байгаа юм бол. Монгол хүн бүр хуулийн дагуу эрхээ хамгаалуулах эрхтэй биз дээ. Надад гомдолтой байна.

- Би цаашид бөхөө барилдсаар л байна. Үндэсний бөхийг өөрийнхөө амь насаар хамгаалсан аав минь тэнгэрээс харж байгаа болохоор наадмынхаа 1,2,3 -ын даваанд унасан ч хамаагүй барилдсаар байх болно.