​ Манай шатарчин бүсгүйчүүд АНУ-ын багийг буулган авлаа

Админ
2022/08/01

Хоёр жил тутамд зохиогддог Дэлхийн шатрын 44 дэх удаагийн Олимпиад Энэтхэгийн Ченнай хотноо үргэлжилж байна. 1924 оноос эхлэн FIDE буюу Олон улсын шатрын холбооноос Шатрын олимпиадыг зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд энэ жилийн тэмцээнд гэхэд 186 орны 1736 шатарчин оюун ухаанаа уралдуулж, "уулгүй талд, " цусгүй байлдаж" байгаа билээ.

Шатрын олимпиад бол шатрын ертөнцийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй багийн тэмцээн. Баг тус бүр швейцарь системээр 11 өрөг тоглоно, эмэгтэй , эрэгтэй( нээлттэй) багууд, үндэсний холбоод, ширээ тус бүрт медалийн эзэд тодордог.

Манай Монголын эрэгтэй баг дасгалжуулагч С.Ган-одын удирдлага доор Их мастер Д.Батсүрэн, Фиде мастер Г.Амартүвшин, Их мастер Б.Гүндаваа, Их мастер С.Билгүүн ( 1-4 дүгээр ширээний дарааллаар) болон Олон улсын мастер С.Ган-эрдэнэ( нөөц) гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай эрчүүд нэгдүгээр өрөгт Сан Том ба Принцип улсын багийг 4:0, хоёрдугаар өрөгт Тринидад ба Тобаго улсын багийг 3,5: 0,5 -аар тус тус хожиж, гуравдугаар өрөгтөө Унгарын багтай 2:2-оор хайнцлаа.
Эрэгтэй буюу нээлттэй ангилалд оролцож буй 188 багаас манай баг 5 оноо ( 9,5 board point) той 25 дугаарт бичигдэж байна. Дараагийн дөрөв дэх өргийг манай шатарчид Норвегийн хүчирхэг багтай хийх юм.
Нээлттэй ангилалд Энэтхэг-2, Франц, Израйлийн багууд тэмцээнийг 6 оноотой (12,5 -11,5 ) хошуучилж, Узбекистан, Турк, Энэтхэг-1 багууд ард нь бичигдэж байгаа.

Эмэгтэйчүүдийн Монголын багийг Ц.Батсайхан дасгалжуулж, ширээний дарааллаар Эмэгтэй Их мастер А.Энхтуул, эмэгтэй Олон улсын мастер Б.Баярмаа, эмэгтэй Олон улсын мастер Т.Мөнхзул, Олон Улсын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, нөөцөөр Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Манай охид эхний өрөгт Оманыг 4:0 -оор, хоёрдугаар өрөгт Парагвайг 4:0-оор хожсон. Өнөөдөр шатрын ертөнцийн шилдэг багуудын нэг АНУ-ын шигшээ багийг 3:1-ээр буулган авлаа. Энэ өрөгт А.Энхтуул, Б.Баярмаа хоёр маань хайнцаж, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчдөө хожив.
Гурван өргийн дараа Монголын эмэгтэй шатарчид 6 оноотой ( 11 board point) тэмцээнд оролцож буй 162 орноос Монгол, Украин, Шведийн хамт 2-4 байрт бичигдэж байна. Харин Болгарын бүсгүйчүүд ижил 6 оноотой ч board point 11,5 оноогоор тэргүүлж, 5-10 дугаар байрт 10,5 оноотой Энэтхэг, Польш, Азербайжан, Холланд, 9,5 оноотой Израйль, Румыний багууд бичигдэж байгаа юм.
Манай охид дөрөвдүгээр өргөө өнөөдөр ( наймдугаар сарын нэгэнд) Казахстантай хийнэ.
Монгол хүн, монгол эмэгтэй оюун ухааны бядаараа дэлхийд хэзээ ч дутахгүй гэдгийг харуулж буй шатарчдаараа бахархахгүй байхын аргагүй!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.238
    2022/08/02

    Охиддоо баяр хүргэе. Сайхан мэдээ, ард түмнээ байнга баярлуулж байгаарай.

    Хариулах
  • 210.221.68.38
    2022/08/01

    Holland gej bichikhee boliod udaj baina.

    Хариулах
    • 202.21.109.145
      2022/08/02

      Амжилт охид оо үзүүлээд өгөөрэй