А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг шүүхэд шилжжээ

Б.Ариунзаяа
2022/08/03

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг хэд хэдэн хэрэгт буруутгаж буй. Тодруулбал түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/  зүйл ангиар шалгаж байсан бол өнгөрсөн 4 дүгээр сард ТЕГ-аас мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан  гэх хэрэгт түүнийг холбоотой хэмээн мэдээлсэн.  

Улмаар Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргаж,  Анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн ч тэрбээр  өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан билээ.

Тэгвэл Б.Баасанцогтод холбогдох “бусдыг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн асуудалд хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татагдаад байсан хэрэг нь шүүхэд шилжсэн байна.

Түүнчлэн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бол хэргийг нь мөн л шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн өчигдөр /2022.08.02/ саатуулсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, уг хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай дээр цэргийн эрээн хувцастай жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал санхүүжилттэй байсан нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ.

Тэднийг өмнө нь Төв талбайд суулт зарлах үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг санхүүжүүлсэн, зэвсгээр хангасан байж болзошгүй гэх мэдээлэл байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна