Хуульч Наранцэцэгийн Орчлон Монгол Улсаас анх удаа Нидерландын Гаага дахь Эрүүгийн хэргийн шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нэгэн. 2017 онд ахлах хуульч (Counsel P-4) болж, Ази, Африк, Европ хуульчдаас бүрдсэн баг удирдан ажиллаж байна. Түүнийг Монголдоо энэ долдугаар сард ирээд байхад нь Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубын гишүүд “Өглөөний цагийг өөртөө” уулзалтандаа урьж, ярилцлаа. Ярилцлагаас товчлон хүргэе.
“Яллах тал 3 жил нотлох баримт танилцуулвал өмгөөлөх тал мөн 3 жил болно”...
- Та өөрийнхөө ажилладаг Гаага дахь Эрүүгийн хэргийн шүүхийг хараат бус гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
- Миний ажиллаж байгаа шүүх хараат бус, чөлөөт шүүх. ОУ-ын шүүх улс төржих ёсгүй, ямар нэгэн байдлаар дайны үед хэн нэгний талд орох ямар ч үндэслэл байхгүй. Одоогийн байдлаар ОУ-ын шүүх бол тусгаар улсууд нэгдэж ордог ОУ-ын байгууллага. Нийт 120 гаруй гишүүн улстай. Монгол улс ОУ-ын Эрүүгийн шүүхийн Ромийн дүрмийг соёрхон баталсан эхний 30 орны нэг. ОУ-ын шүүх нь ямар нэгэн улсаас санхүүждэггүй. 120 улсын Засгийн газраас яг адилхан санхүүждэг. 120 улсын Засгийн газар хуралдаад санал өгч сонгуулиар шүүгчээ нэг удаа 9 жилийн хугацаатай томилдог. ОУ-ын шүүхийн 18 шүүгч, ерөнхий прокурор бий. Америкчууд шүүгч, прокуроруудыг томилоод байгаа гэсэн үг биш. Шүүхийг бүрдүүлж байгаа бүх улсын төлөөлөл адил тэнцүү байдлаар томилогддог. Нэг улсаас нэгээс илүү шүүгч ордоггүй. Ази, африк, латин америк гээд маш олон орноос ирсэн шүүгчид бий. Шүүхийн үйл ажиллагаа өөрөө маш шударга байх ёстой. Шүүхийн өмгөөлөгч бүх улс орноос ирсэн хараат бус өмгөөлөгчид. Миний тухайд хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Шүүх дээр хэрэгт холбогдож ирсэн сэжигтэн өөрийнхөө өмгөөлөгчийг өөрөө сонгох эрхтэй. Шүүх дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй өмгөөлөгчдийг жагсаагаад гаргачихсан байдаг. Ер нь ямар ч шүүхийн эцсийн зорилго хэргийн үнэн мөнийг тогтоох явдал. ОУ-ын Эрүүгийн шүүх бол хүний эрхийг байж болох дээд хэмжээнд нь хангаж ирсэн. Яллах талаас 3 жил нотлох баримт танилцуулвал өмгөөлөх талаас мөн 3 жил танилцуулах боломжтой. Яллах, өмгөөлөх тал аль аль нь нотлох баримтаа 100 хувь гаргаж тавьж байж сая шүүх шийдвэрээ гаргадаг. Яг адилхан нотлох бримтаа танилцуулах эрхтэй байдаг. Бүхэл бүтэн улс орон, олон сая хүний эрх ашгийг зөрчсөн хэрэг дээр аль аль нь нотлох баримтаа 100 хувь танилцуулах эрхтэй.
“Цэргээр ажил хийлгэх нь хөдөлмөрийн мөлжлөг. Тэд эрхээ хасуулсан гэмт хэрэгтэн биш”...
- Манайд сүүлийн үед улс орны томоохон бүтээн байгуулалт, ажлууд дээр цэргүүдийг татан оролцуулах санал, шийдвэр гаргадаг болсон. Энэ байдал хүний эрхийг зөрчих үү?
- Энэ бол цалин хөлсгүй мөлжлөг болно. Хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлсөө тохирох нь хөдөлмөрлөх эрхээ эдэлж байна гэсэн үг. Цэрэг тушаалаар ажиллаж байгаа нь XXI зуунд хүнийг хүчээр хөдөлмөр эрхлүүлж буй, байж болохгүй асуудал. Цэргийн албанд татагдсан залуус гэмт хэрэг үйлдээд эрхээ хасуулсан хүмүүс биш биз дээ. Өөрөө саналаараа ажиллаагүй. Түүнд цалин хөлсөө сонгох, хамтарсан, гарцаарчилсан гэрээ байгуулах ямар ч эрх олгогдохгүй. Хүний эрх гэдэг нь бидний хэллэгээр маш ариун дагшин зүйл. Үүнд хамаагүй хүрч, түүнийг хязгаарлаж болдоггүй. Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад олсон зөрчиж болохгүй ариун дагшин, хамгийн нандин эд.
“Уламжлал нэрээр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах нь байж болохгүй үйлдэл”...
- Та яг наадмын үеэр ирлээ. Сум, аймаг, улсын наадам болж буй энэ цаг үед хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал түлхүү яригддаг. Үүнд таны байр суурийг мөн сонирхъё.
- Морь унах бол мэргэжлийн ажил. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ёстой. Хөдөлмөрийн гэрээг насанд хүрсэн иргэнтэй хийдэг. Амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдлийг насанд хүрсэн хүн өөрөө сайн дураараар хүлээн зөвшөөрч цалин урамшуулал авч хийдэг ажил. Морин уралдааны морийг насанд хүрсэн мэргэжлийн хүмүүс унадаг. Гэтэл манайд хүүхдүүд өөрсдөө уная гээд байгаа гэж зарим нь тайлбарлах нь бий. Хүүхэд аав ээж, бусдыг баярлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй. Хүүхэд өөрийн гэсэн мэдлэгтэй, мэдээлэлтэй байж шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй шүү дээ. Тэгвэл 12 настай хүүхдэд чихэр өгч хүчиндчихээд “энэ хүүхэд чинь өөрөө үгүй гээгүй ш дээ. Дуртай л байсан юм шиг санагдсан ш дээ” гэх үү. Хүүхэд бэлгийн харьцаанд орох эсэхэд хариулт өгөх чадамжгүй. Юу хийж байгаагаа мэдэхгүй, ойлгохгүй, ухаарахгүй. Тэгэхээр уламжлал нэрээр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах энэ үйлдэл XXI зуунд байж болохгүй үйлдэл. Дэлхийн маш олон орон ийм бурангуй уламжлалаасаа татгалзаад цааш хөгжөөд явж байна. Тухайлбал Испани улсад бух алдаг нэг төрлийн уламжлал байсан. Гэтэл өнөөдөр энэ уламжлалаасаа татгалзаж хориглосон. Орчин үеийн хүн төрөлхтөн өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө амьтан тамлаж алах нь ёс зүйгүй, гэмт хэрэг гээд татгалзаж байна. Гэтэл хүүхдийн эрхийг амьтны эрхээс дор үзэж болох уу. Хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх зүйн чадамжгүй хүүхдүүдээр морь унуулаад уламжлал гэж тайлбарлаж байгаа нь байж болохгүй асуудал. НҮБ хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй. Морин уралдаан бол дэлхийн хаана ч байдаг спорт. Морь унадаг жижиг биетэй хүн хаана ч байдаг шүү дээ. Би морин уралдааны талаар сайн мэдэхгүй.
Гэхдээ асууя. Хүүхэд мориноосоо унадаг уу, моринд дайруулдаг уу, гэмтэж бэртдэг үү? Тийм бол жаахан хүүхдүүдээр морь унуулаад уралдуулаад байдаг миний хувьд бол ямар их хатуу зүрх сэтгэл вэ л гэж хэлнэ. Энэ бол хөдөлмөрлөх эрхийн асуудал. Насанд хүрсэн хүнийг өөрөө хүсээгүй байхад хөдөлмөр хүчээр эрхлүүлэх нь гэмт хэрэг, боолчлол.
“Хүн өөрийнхөө эрхийг эдэлж байгаа нь бусдад заавал таалагдах албагүй”...
- Дотоод, гадаадад өрнөж буй улс төрийн, нийгмийн асуудал, үйл явцтай холбогдуулан манайхан үзэл бодлоо янз бүрээр илэрхийлдэг. Дайн самуунтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлж талбай дээр ч жагсаж байна. Гэтэл зарим нь эрхээ хэтрүүлж байна гэхчлэн шүүмжилдэг.
- Ардчилсан нийгэмд буруу үзэл бодол, туйлын үнэн, туйлын зөв гэж байхгүй. Хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг зөрчигдлөө гэж үзэж байгаа бол үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрхтэй. Туйлын зөв гэж гараад ирэхээр л дарангуйллын нийгэм болж байгаа юм. Сая би ажиглаж байлаа. Бахархлын өдрүүдээр талбай дээр бэлгийн цөөнх жагсаад байна, автобусан дээр үгээ наагаад байна, эрхээ давруулж эдлээд байна гэх зэргээр шүүмжилсэн. Би, та өөрийнхөө эрх ашгийг хөндөгдөхөд талбайд, автобусанд үзэл бодлоо илэрхийлж болж байхад яагаад тэд болохгүй гэж. Энэ бол байж болохгүй зүйл. Хэн ч жагсах, үзэл бодлоо илэрхийлэх адил тэгш эрхтэй. Нэр хүнд, ажил, албан тушаал, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахгүй гэдэг нь энэ юм.
Хүн өөрийнхөө эрхийг эдэлж байгаа нь бусдад заавал таалагдах албагүй. Нийгэм хэзээ ч нэг бүлэг, нэг хэсэг хүмүүст таалагдах боломжгүй.
“Хаана бичиж байгаа нь хамаагүй, ОН-ийг гэмт хэрэгт өдөөн дуудаж байгаа л бол гэмт хэрэг”
- Энэ уулзалтад оролцогчид бүгд сэтгүүлчид. Бидэнд хандаж хэлэх үг бий л байх.
- Сэтгүүлчид нийгмийг гийгүүлэх эрх үүрэгтэй. Тиймээс ч сэтгүүлчид маш их мэдлэгтэй байх ёстой. Зарчим, эх сурвалжийг нь сайн судлах ёстой. Өнөөдөр дотоодын, ОУ-ын хуулийн ялгаа бараг арилж, бүх харилцаа угтаа ОУ-ын хуулиар зохицуулагдаж байна. Сэтгүүлчид мэдлэг тааруу бол нийгмийн массыг гэгээрүүлэх, зөв чиглүүлэх, зөв шийдвэр гаргахад туслах боломжгүй болно оо л гэсэн үг. Сэтгүүлчид хуулиа, хүний эрхээ, ОУ-ын чиг хандлагаа мэддэг байх ёстой. Тэгж байж нийгмийн массд зөв шийдвэр гарахад нөлөөлнө л гэж хэлье дээ.
Улс төрчид, сэтгүүлчдийн хувьд ижил нөхцлүүд бий. Хувийнхаа акаунт, цахим талбарт хувийн байр сууриа илэрхийлэхдээ сэтгүүлч, улс төрчид нөлөөлөгч гэдгээ бодох ёстой. Гэтэл манайд хужаа нарыг алаад, хужаа нарыг ... гэх зэргээр бусдыг турхирах тал бий. Энэ бол ОУ-ын Эрүүгийн шүүхэд заачихсан, шүүхээр таслагдах ёстой гэмт хэрэг. Байж болохгүй асуудал. Сэтгүүлчдийн хувьд үнэн мөнийг илэрхийлэх ёстой. Нийгмийн хар массыг сэтгүүлч удирддаг. Та хаана байсан нь хамаагүй, та хаана бичиж байгаа нь ч хамаагүй, ОН-ийг бурангуй үйл ажиллагаанд уриалан, гэмт хэрэг хийхэд нь өдөөн дуудаж байгаа л бол гэмт хэрэг болдог. Гадны улсуудад ингэж буруудаж, яллагдаж байгаа тохиолдол цөөнгүй.
Баярлалаа.
Эх сурвалж Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб. Д.Даваадулам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна