Хөтөл эдийн засгийн форумаас....
Монгол Улс хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон байгаагийнх. Бараг бүх “зовлон”-гийн эхлэл нь гэж хэлж болох энэхүү эдийн засгийн буруу урсгал 1990-ээд оноос идэвхжиж, өдгөө бид уул уурхай гэх ганц орлоготой, идэж уух, өмсөж хэрэглэх бүх зүйлээ гаднаас авдаг импортын улс болчихоод байна. Цар тахал монголчуудад олон сөрөг нөлөө үзүүлсэн ч нэг зүйлийг сайтар ойлгуулсан нь үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дэмжих. Үйлдвэртэй байж гэмээнэ ажлын байр, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, тэр хэрээр нийгэм, эдийн засаг сэргэж, тусгаар тогтнолын хувьд ч хараат бус, бие даасан дархлаатай болох учиртай.
Тиймдээ ч “Хөтөлийн эдийн засгийн форум” олон асуудлын гарц гаргалгааг тайлсан, стратегийн чухал үйлдвэрлэлийг түшиглэсэн хот ямар байх вэ гэдгийг тод томруунаар харуулахыг зорьсон арга хэмжээ болсон юм.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сайхан сум, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК хамтран энэ сарын 16-нд Хөтөлийн эдийн засгийн форумыг анх удаа өндөр түвшинд зохион байгууллаа. Цемент, шохой бол манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүний нэг. Барилгын орцын 20 хувийг дангаар эзэлдэг энэ бүтээгдэхүүнийг хэдэн жилийн өмнө БНХАУ-аас хангадаг байсан бол өнөөдөр МАК, Монцемент, Хөтөл зэрэг таван үйлдвэр дотоодын хэрэгцээнийхээ 99 хувийг хангадаг болжээ. Эдгээрээс Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 15-20 хувийг дангаар хангаж байна.
“Цемент шохой” сард 70,180 тонн цемент үйлдвэрлэж, 39 жилийн түүхэндээ дээд амжилт тогтоожээ
Хувьд гарсан үйлдвэрүүд ихэнхдээ ашигтай ажилладаг. Хувийн өмч гэдэг утгаар бүх талын хөгжүүлэлт хийж, орчин үетэйгээ өрсөлддөг ч “Хөтөл цемент шохой”-н хувьчлал эсрэгээрээ өрнөжээ. Тус үйлдвэр хувьчлагдсан цагаасаа эхэлж ашиггүй ажилласаар дансандаа 81 мянган төгрөгтэй, 124 тэрбум төгрөгийн алдагдалтай үйлдвэр улсад хүлээлгэж өгсөн байна. Харин өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн улсын өмчит хувьцаат компани болсноор үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сэргэж, 4 дүгээр сард ажилчдынхаа цалинг 20 хувь, 6 дугаар сард 40 хувиар нэмэгдүүлж, цалин урамшууллын системийг бүтээмжид суурилан өөрчилснөөр өнгөрсөн 7 дугаар сард 70,180 тонн цемент үйлдвэрлэж, 39 жилийн түүхэндээ дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар үйлдвэрийн цэвэр ашиг 13,5 тэрбум төгрөгт хүрч, шаардлагатай парк шинэчлэлтүүдээ ч өөрсдийн хүчээр хийж эхэлсэн байна.
Энд нэг зүйлийг онцлоход, “Цемент шохой” үйлдвэр үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Үйлдвэрлэлийн дээрх хэсгүүдийн техник, технологи нь анх ашиглалтад орсноос хойш ганц ч удаа шинэчлэлт хийж байгаагүй бөгөөд бүгд 39 жилийн насжилттай. Хувьд гарснаас хойш Хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 онд 1 сая тонны хүчин чадалтай гэх чулуунцарын хуурай аргын үйлдвэр ашиглалтад оруулсан. Гэвч тус үйлдвэрийн хүчин чадал нь 1 сая тонн-д хүрэх нь битгий хэл тэн хагаст нь ч хүрэхгүй байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс энэ жилдээ 400 мянган тонн, ирэх жилүүдэд техникийн хүчил чадлыг сайжруулснаар жилдээ 600-700 мянган тонн цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаараа тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар илтгэлдээ дурдлаа. Мөн цаашид шохойн үйлдвэрлэлдээ шинэчлэл хийж, ил уурхайдаа ангилан олборлолтын технологи нэвтрүүлж, ордоо нэмэгдүүлэхийн сацуу шохойн үйлдвэртээ утаагүй хэвтээ зуух барихаар төлөвлөж байгаа аж. Эдгээр ажлуудад ойролцоогоор 160 гаруй тэрбум төгрөгийн санхжүүжилт шаардагдах юм байна.
Хөтөл хот инженерийн дэд бүтэц сайтай учир хоёр дахь Эрдэнэт болох боломжтой
“Цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дөрвөн сарын хугацаанд огцом нэмэгдэж, ажилчдынх нь дундаж цалин 2,2 сая төгрөгт хүрсэн нь сумын нийгэм, эдийн засагт ч сайнаар нөлөөлж байгаа талаар Сайхан сумын Засаг дарга бөгөөд Хөтөл хотын захирагч Б.Мөнхболд форумын үеэр онцолж байлаа. Гэвч өнгөрсөн жилүүдэд тус хотод бүтээн байгуулалт тэр дундаа орон сууцны барилга бага баригджээ. Үүнээс үүдэн ажилчид нь Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт очиж орон сууц худалдан авах шаардлага тулгардаг байсан төдийгүй ипотекийн зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал байжээ. Тэгвэл цалингийн нөхцөл сайжирснаар Хөтөл хотын иргэдэд хямд өртөгтэй, хүү багатай орон сууцны зээлэнд хамрагдах боломж нээгдэж эхэлсэн байна.
Тодруулбал, тус үйлдвэр төрд шилжихдээ 27,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалд өртэй байсан бол өдгөө 17,5 тэрбум төгрөгийн өр нь төлөгджээ. Өөрөөр хэлбэл тус үйлдвэр орон нутаг болон нийгмийн даатгалд ямар ч өргүй болсон байна.
Мөн Хөтөл хот бол инженерийн дэд бүтэц сайтай хотуудын нэг. Тэдэнд Улаанбаатарынх нь шиг шугамын хүрэлцээгүй гэх зовлонгүйн дээр сум орон нутгийн зүгээс барилгын компаниудад газар, “Цемент шохой” үйлдвэрийн зүгээс өөрийн бүтээгдэхүүнээ гаргаж өгөхөд бэлэн байгаагаа дуулгаж байлаа. Энэ болзол нь барилгын компаниудын сонирхлыг ихээхэн татсан бөгөөд Хөтөл тун удахгүй хоёр дахь Эрдэнэт буюу үйлдвэрлэл дагасан үлгэр жишээ хот болоход ойрхон байгааг харуулсан юм.
Хөгжлийн зам буюу Хөтөл-Сүмбэр
Түүнчлэн Хөтөл газарзүйн байршлын хувьд ихээхэн онцлогтой хот. Аймгийнхаа Орхон, Сайхан гэх хоёр сумынхаа залгаа хил дээр байрладаг буюу хотын нэг хэсэг нь Орхон, нөгөө хэсэг нь Сайхан сумандаа харьяалагдаж байна. Газар нутгийн хилийн цэсийн энэхүү байдал нь зарим үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулдаг ч мөн давуу талыг бас олгож байна. Тус хот нь Улаанбаатар, Дархан-Сэлэнгэ, Эрдэнэ хотуудын яг дунд нь оршдог. Дээрх хотуудын огтлолцол цэг нь Хөтөл бөгөөд энэхүү давуу байдлаа ашиглахад дэд бүтэц саад болж буй. Тиймээс “Цемент шохой” ТӨХК, Сайхан сумын удирдлагууд ирэх жилээс Төв аймгийн Сүмбэр сумаас Хөтөл хүртэлх 60 км бетон зам барихаар төлөвлөжээ. Хэрэв энэ зам баригдвал Хөтөлийн цементийн үйлдвэрлэлд ихээхэн нөлөө үзүүлэхээс гадна Хөтөлөөс Улаанбаатар, Дархан-Сэлэнгэ, Эрдэнэ хот руу 1 цаг 30 минут яваад очих боломжийг бүрдүүлэх аж.
Ганц оймс шидээл энэ шүү дэ.. сандал шидэх байж..тэгвэл эрдэнэтийг цэвэрлээд 2 их наядыг ч олхийм билүү
Наранбаатар чиний аав маш сайн ажиллаг шуурхай хүн байсан юмаа чи энэ олон сайхан залуучуудтай гар нийлж улам эрч хүчтэй ажиллах
наранбаатар шиг үнэнг хэлж чаддаг ажилыг хийж чаддаг залуус монгол улсын том капитал шүү дүүд амжилт ийм залуусаа хайрлаж дэмжиж бай ард түмэн минь
наранбаатар сайн менежер бна одоо төр дархан цементээ авч ажиллуул
....Ажил хийх нь Аргыг олдог...Ажил хийх дургүй нь Шалтаг олдог нь Үнэн гэж...Мундаг Залуус хамт олонд Амжилт ерөөе...Овоодоо...Эх орныхоо бүтээн блалтад...хөрөнгө оруулж...Аж