НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн хорооны хурлын даргаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа сонгогджээ. 

Түүний хувьд цар тахлын үед мэдээлэл цуглуулах шинэлэг аргачлал буюу CATI аргаар мэдээлэл хэрхэн цуглуулж, боловсруулсан туршлагаа бүсийн орнуудтай хуваалцаж, мэдээлэл солилцох төдийгүй “Өгөгдлийн засаглал”-ыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулах юм.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Статистикийн хорооны VIII хурал энэ өдрүүдэд Тайландын Бангкок хотод болж байна.

 Тус хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд бүс нутгийн 50 гаруй орны төлөөлөл оролцож, статистикийн хөгжил, хамтын ажиллагаа, албан ёсны статистикийг сайжруулах байр суурийг тодорхойлж, хэлэлцүүлгүүд өрнүүлж ирсэн, НҮБ-ын бүс нутгийн онцлох хуралдааны нэг билээ.