ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Боомтын сэргэлтийн хүрээнд нэн тэргүүнд Засгийн газар Дорнод аймаг дахь боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Д.Амарбаясгалан: 

- Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал зүйл нь боомтын сэргэлт. Монгол Улсад нийт 42 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаа Эрээнцав, Хавиргын боомтуудаар явж, үйл ажиллагааг нь ойрын жилүүдэд хэрхэн сайжруулах вэ, экспортын бүтээгдэхүүнээ яаж гаргах,  худалдан авах чадварийн нөхцөл байдалтай танилцаж байна. 

- Монгол Улсын эдийн засагт Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээ хүрэн зэрэг томоохон боомтууд ихээхэн нөлөө үзүүлдэг. Мөн баруун талдаа Булганы боомт Хөшөөтийн уурхайн нүүрсийг гаргаж байна. Дээрх боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар нэн түрүүнд анхаарна. Үүний дараа Дорнод аймагт орших Эрээнцав, Хавирга, Баянхошуу боомтуудад анхаарна. Учир нь эдгээр боомтууд бол Монгол улсын эдийн засгийг тэтгэх дараагийн боомтууд. 

- Монголын Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан зүүн болон баруун тэнхлэгийн төмөр зам бол  Ази Европыг холбосон богино рейсын төмөр зам. Энэ төмөр замаар хоёр тал руугаа экспорт хийх боломжтой болно. Дан ганц экспорт бус  өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломж бий. Засгийн газрын зүгээс Дорнод аймгийн тойрон байрлаж буй ОХУ -тай хиллэдэг 2 боомт, БНХАУ-тай хиллэдэг 3 боомтын үйл ажиллагааг ойрын үед сэргээж, авто болон төмөр замаар холбох ажлыг ирэх жилээс хэрэгжүүлнэ. 

- Монгол улсын экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Ойрын жилүүдэд уул уурхай салбар дээрээ тулгуурлаж, эдийн засгаа сэргээх бодлого барина. Харин ЭЗХЯ эдийн засгийг төрөлжүүлэх бодлого барина. 

- Эрээнцавын боомтоор өнөөдрийн байдлаар нүүрс, цайр,  төмрийн хүдэр экспорт хийж байна. Цаашид хадлан тэжээлийн бүтээгдэхүүнийг экспорт хийх боломжтой.