Хар тамхины хэрэгт холбогдсон нэр бүхий 8 иргэнд холбогдох шүүх хурал 13 удаа хойшлогдоод байна. Тус шүүх хурлыг анх 2021 оны гуравдугаар сарын 31-нд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин иржээ. Улмаар шүүхэд ирсэн даруйдаа Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд хуваарилагдсан байна.  

Гэвч шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд нь товлон зарласан боловч өнөөг хүртэл нийт 13 удаа хойшлогдоод байна. 

Тодруулбал, 7 удаад нь шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч тус тус ковидоор өвдсөн гэж, 3 удаад нь өмгөөлөгч солигдох, хэргийн материалтай танилцах болон хурал давхацсан гэж, 1 удаад нь прокурор өвдсөн гэж, 1 удаад нь шүүхэд хөл хорио тогтоосон шалтгаанаар тус тус шүүх хуралдаан хойшлогджээ. Түүнчлэн, 1 удаад шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж, 2 өмгөөлөгчийг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг тасалдуулсан гэж үзэн зөрчлийн хэрэг үүсгэн хариуцлага тооцсон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд уг хэрэгт холбогдсон бүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор бүрэн оролцуулж байж шүүх хурлыг хийх, мэтгэлцэх зарчмыг хангах үүргийг шүүхэд оногдуулсан, хуульд заасан нөхцөлийг хангах шаардлагаар шүүх хуралдаан дээрх байдлаар удаа дараа хойшилж, нийт 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, уг хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар шүүхээс товложээ.