Хүүхдэд озон эмчилгээ хийдэг гэх “SISDI Medical Wellness” нь эрүүл мэндийн тусгай зөвшөөрөлгүй байжээ

Админ
2022/09/22

"Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттер хаягт “Улирал солигдон ханиадны вирус дэгдэж буй энэ эрсдэлтэй үед бяцхан үйлчлүүлэгчид маань биеийнхээ дархлааг дэмжиж Озонтой дуслаа хийлгэж суугаа нь мундаг биш гэж үү, мөн Озонжуулсан усаа уухаа ч тэд мартаагүй. Бяцхан үрс эрүүл байг” гэсэн агуулгатай зар сурталчилгааг дусал хийлгэж буй хүүхдийн видео бичлэгийн хамт байрлуулан олон нийтийн сүлжээгээр түгээсэн асуудлаар шалгалаа.

Хяналт шалгалтын явцад уг компани нь Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх үйл ажиллагааны чиглэлд нь:

- Гоо сайхны ариун цэврийн барааны худалдаа.

- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа

- Онлайн худалдаа

- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах; гэж заасан байна.

Хяналт шалгалтаар тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдож байх тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүллээ.

Эрүүл мэндийн яамнаас Озон эмчилгээний талаар өгсөн мэдээллээр “Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж батлаагүй бөгөөд олон улсын болон Монгол улсын эмнэл зүйн удирдамжид байдаггүй эмчилгээ" гэсэн байна.

ШӨХТГ-с цахим орчин дахь эрүүл мэндийн салбарын зар сурталчилгааны хүрээнд удирдамжтай хяналт шалгалтыг эхлүүлээд байгаа тул иргэд, хэрэглэгчид та бүхэн баримт, мэдээлэл ирүүлж хамтран ажиллана уу!

Зар сурталчилгааны тухай хуулийн

13 дугаар зүйл. Эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгаа

13.1.Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.

13.2.Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, эмчилгээний зориулалт бүхий мансууруулах бодис, ургамал, түүнчлэн тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна.

13.3.Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг заавал сануулна.

13.4.Эм, эмийн зүйлс (цаашид "эм" гэх)-ийн зар сурталчилгаанд дараахь зүйлийг хориглоно:

13.4.1.улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг сурталчлах;

13.4.2.зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад нөхцөлд борлуулахаар сурталчлах;

13.4.3.тухайн эмийн гаж үйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах зорилгоор сурталчлах;

13.4.4.тухайн эмийн үйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах;

13.4.5.эмийн ерөнхий нэршилгүй, зөвхөн худалдааны нэршлээр сурталчлах;

13.5.Аймаг, нийслэлийн хүн, мал эмнэлгийн удирдах болон мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй эм хангамжийн байгууллага (эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан)-ыг сурталчлахыг хориглоно.

13.6.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн байгууллага, эмчлэх эрхгүй мэргэжилтэн, эрх, зөвшөөрөл аваагүй буюу баталгаажаагүй эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлахыг хориглоно

13.7.Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана.

13.8.Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно.

гэж тус тус заасан байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.14
    2022/09/22

    Улсаа удирдаж байгаа дарга нар амьдрах гэж хичээж байгаа дундаж даврагаа мөлжсөөр... Амьсгалах агаар муу 50% байхад агаараа 100% сайн амьсгал гэж торгож байгаатай адил

    Хариулах