Цахим орчинд бусдын нэр төрд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэгт тооцно

Админ
2022/09/23

Иргэн Наран нь  2021 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд фейсбүүк цахим орчинд иргэн Удвалын зургийг оруулан “иргэн Удвал нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ. 

       Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн зүйлийн 17 дахь хэсэгт “...Хүний эрх, нэр төр, алдар хүндийг ... хуулиар тогтоон хамгаална” гэж тус тус хуульчилсан бөгөөд иргэн Удвал нь бусдыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээр тооцогдож байгаагүй байна. 

       Энэ тохиолдлыг Эрүүгийн хуульд зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үздэг бөгөөд энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.

       Шүүхээс иргэн Нарангийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна