​ 260 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон & 12,1 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно

Админ
2022/09/26

"Бэлтэс Мөрөн" компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр хуулийн зохицуулалтгүйгээр их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаа талаар мэдээлж байсан. Тус компани нь Хөвсгөл аймагт 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр энэ хэргийн талаар хохирогчдын өмгөөлөгч болон Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийлээ. 

Хохирогчдын өмгөөлөгч: 

- Бэлтэс мөрөн ХХК-д 2000 орчим иргэн 260 гаруй тэрбум төгрөгөөр хохирчихоод байна. Энэ хэргийг 4,5 сараас эхлэн МБА-аас шалгаж, 6 хүнийг саатуулсан боловч одоогоор бүгдийг нь сулласан, гадуур шалгаж байна.

- Энэ бол хууль хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй ажилтнуудын үйлдэл. Яагаад гэвэл цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол мэдүүлэхэд 4-5 удаа шалгасан. Тухайлбал, 2021 оны зааг дээр “Нэмэх даатгал” гэдэг компани тэтгэврийн даатгалыг 2 дахин нэмж өгнө гэхэд иргэд хуулийн байгууллагад хандаж, залилан явагдаж байна гэдгийг нь мэдэгдсэн. Гэтэл  Эрүүгийн тасгийн дарга н.Гантулга, Прокурорын орлогч Баяраа нар зөрчлийн хэрэг байна гэж үзсэн. Тухайн үед “Нэмэх даатгал” гэдэг компани нэлээн олон сая төгрөгийн залилан хийчихсэн байсан. 

- 2021 оны 1,2 дугаар сард “Нэмэх даатгал” ХХК нэрээ өөрчилж, “Бэлтэс Мөрөн” болж эхний ээлжинд иргэдийн мөнгийг 50-100 хувь өсгөсөн яриа байдаг. Энд давхар залилангийн асуудал яригддаг. 

- Хуульд банкны болон банкны бус аргаар мөнгө байршуулдаг, даатгал хийдэг ААН-ийг тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан. Үүнийг шалгах үүрэг нь Аймгийн Засаг даргын удирдлагад байдаг Санхүү, аудитын хяналтын албад байдаг. Цагдаагийн байгууллага энэ компанийг 3 удаа шалгаад хэрэгсэхгүй болгосон. 

- Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед албан тушаалтнуудын гэмт хэрэг гэдэг нь нотлогдохгүй байна гэх хуйвалдах шинж ороод байна. Энэ бол маш том хэрэгт хэрэг. Тиймээс АТГ-д хандаж байна. Хяналт тавих ёстой төрийн албан хаагчид хариуцлага хүлээх ёстой. 

Мөрдөн байцаах алба: 


- Бэлтэс мөрөн гэх компани 2021 онд байгуулагдаж, иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, залилан хийж байгаа талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 1 дүгээр сарын 24-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Эрүүгийн хуулийн 17.2.2-т зааснаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан. Тухайд үед шалгах явцад иргэд олноороо хохирсон, их хэмжээний хохирол учирсан байдалд дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулсан. 

- Мөрдөн байцаах газраас 20, Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас 20 орчим байцаагчид шалгасан. Иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх чиглэлээр аль болох хэргийг богино хугацаанд дараагийн шатанд оруулахаар ажилласан.  

- 2022 оны 5 дугаар сарын 9-ны өдөр нэр бүхий 8 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 13 мянган иргэнээр мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1600 гаруй мөнгө өсгөж авсан иргэний хариуцагчаар татагдсан. 

- Бэлтэс мөрөн ХХК-ийн ажилтан болон удирдлагуудын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж хураан авсан. Урьдчилсан байдлаар 12,1 тэрбум төгрөгийг буцаан авахаар шалгалтаар тогтоогдож байна. Ирэх 10 дугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна