Д.Амарбаясгалан: Засгийн газрын аливаа шийдвэр ялгавартай гарах ёсгүй

Админ
2022/09/27

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл өчигдөр Төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр “Улны айл” хэмээх нэршил ашигласан нь олон нийтийн бухимдал, дургүйцлийг хүргэж, түүнийг Засгийн газрын гишүүн буюу Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаас огцруулах давалгаа сошиал орчинд өрнөж эхэлсэн. 

Үүнтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл ядуурлын түвшнээс доогуур айл өрх, иргэдийг “Улны айл” гэж нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн Газрын өмнөөс хүлцэл өчлөө. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

- Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийн 14-р зүйлд Хүнийг үндэс, угсаа, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэгээр нь гадуурхаж үл болно гэсэн заалт болон бусад зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан тул Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах захирамж гаргалаа. Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь огцруулж байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Д.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний адил өнөөдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аливаа шийдвэр хэлбэрэлтгүй, ямар нэгэн ялгавартай гарах ёсгүй гэдэг зарчмыг Засгийн газрын зүгээс баримтлан ажиллана гэв.


- Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Ардын намын даргын албыг хашдаг. Монгол Ардын намын даргын хувьд тус намыг төлөөлж Улсын Их Хурал, Засгийн газарт сонгогдон ажиллаж байгаа, сонгуульт ажил эрхэлж байгаа хүмүүстэй хариуцлага, ёс зүйн гэрээг хийж хамтран ажилладаг. Энэ ч утгаар өнгөрсөн 8 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын сайдууд ажлаа албан ёсоор авсан өдөр гэрээг үзэглэсэн юм. Энэхүү гэрээний дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэж өнөөдрийн асуудал шийдэгдсэн байна.  Д.Сарангэрэл сайд огцорсонтой холбогдуулан дараачийн сайд ажлаа авах хүртэл хугацаанд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдын үүргийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гүйцэтгэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна