Байр түрээслэнэ хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилсан этгээдэд ял оноожээ. Тодруулбал,  иргэн Ө нь бусдад түрээслэх өөрийн эзэмшлийн орон сууцгүй атлаа Unegui.mn сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулжээ. 

Зарын дагуу холбогдсон иргэдэд “өөр хүн түрээслэх гэж байна, яаралтай урьдчилгаа мөнгө шилжүүлвэл өөрийг чинь баталгаажуулж болно” гэх зэргээр хэлж яаруулан гарцаагүй байдалд оруулж, 14 иргэнээс 15 орчим сая төгрөгийг залилан авсан байна. Уг гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ. 

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Ө нь Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.