“Ид шидийн орон”... энэ үгийг сонссон, дуулсан хүүхдүүдийн нүдэнд оч асаж, гэрэл цацардаг. Хэдийгээр анхлан санаачлагчид нь энэ ордонг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулан олон нийтийн хандиваар босгосон ч өдгөө тэд зарим хамгаалах байраа буулгажээ. Өөрөөр хэлбэл “Ид шидийн орон” нийгэмдээ хүчтэй дуу хоолой болж чадсаны илрэл гэлтэй.

Лантуу дохио ТББ-аас саяхан “Ид шидийн орон -3” буюу хүүхэд хөгжил, хамгааллын жишиг төвөө Дундговь аймагт нээсэн билээ. Анх 950 сая төгрөгөөр барихаар төсөвлөж байсан ч үнийн өсөлтөөс үүдэж, 1,5 тэрбумаар боссон энэхүү төв өдгөө хүүхэд шуугьсан их өргөө болжээ. Хүүхдүүд өөрт байх 10, 20 төгрөгөө хандивлаж босгосон энэ төв тун удахгүй монголын 21 аймаг бүрт босох эхлэл тавигджээ. Тодруулбал Хөвсгөл аймаг ирэх оны 9 дүгээр сарын нэгэн гэхэд “Ид шидийн орон”-той болохоор өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн хандиваа цуглуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд тус төсөлд 85 сая төгрөгийн хандив цугларснаас “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ-ынхан барилгынхаа шавыг амжилттай тавьсан байна. 


“ИД ШИДИЙН ОРОН” –ЫГ АЙМАГТАА 2-3 ДАХИН ХЯМД ТӨСВӨӨР БАРИНА

 “Ид шидийн орон- Хөвсгөл” төслийн гүйцэтгэх захирал С.Ичинхорлоо: 

- Хүүхдийн хөгжих орчин дутмаг байгааг анзаарсан Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг залуучуудын төлөөлөл “Шидэт урц” ТББ-ыг байгуулж, Лантуу дохио ТББ-аас 21 аймгийн дунд зарласан хүүхдийн хөгжил хамгааллын жишиг төв байгуулах шалгаруулалтад орсон. Харамсалтай нь бид шалгарч чадаагүй. Гэхдээ бид бууж өгөөгүй. Дараагийн арга зам хайж, эрэл хайгуул хийж, унаж боссоны үр дүнд өнөөдөр хандивынхаа арга хэмжээг зохион байгуулж байна. Дундговь аймагт баригдсан Ид шидийн орон жишиг төвтэй харьцуулахад манай төв орон нутгийн онцлогоосоо шалтгаалаад модон бүтэцтэй буюу төсөвт өртгөөс 2,3 дахин хямд байхаар төлөвлөж, зураг төслийг нь хийсэн. Тооцоолж байгаагаар 775 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Бид өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд буюу Дэлхийн гэр бүлийн өдрөөр нээлтээ хийж, 85 сая төгрөгийн хандив цуглуулсан. Тухайн хөрөнгөөр барилгынхаа ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн 6 сарын хугацаанд манай багийнхан итгэлээ алдалгүй өдөр бүр хичээсэн. Энэ бол Хөвсгөлийнхөө хүүхдүүдийн төлөө, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө сэтгэл байлаа. Залуус маань цалингүй ч цаашид хичээсээр "ид шид" бүтээхийн төлөө ажиллах болно. 

“ИД ШИДИЙН ОРОН” ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ЕРТӨНЦӨД ГЭРЭЛ АСААДАГ

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр:

- Дундговь аймагт баригдсан “Ид шидийн орон-3” хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг төв олон аймгийн залуучууд, хүүхдүүдэд сэдэл төрүүлж байна. Иргэд нь хүртэл манай аймагт хэрэгтэй төсөл байна гэж хандаж байгаа нь Лантуу дохио ТББ-ынхныг нийгэмдээ харуулах гэсэн том зорилго байлаа. Үүний том төлөөлөл Хөвсгөл аймгийнхан. Дундговь аймагт анх төсөл эхэлж байхад л зэрэгцээд орсон залуучууд маань өнөөдөр төвийнхөө барилгын шавиа тавиад, суурийг нь цутгаад аймгийнхныгаа уриалж байгаад туйлын баяртай байна. Ид шидийн орон төслийг хүмүүс зөвхөн барилга гэж хардаг. Гэвч энэ бол үнэт зүйлийн ордон. Барилга нь баригдаж, төсөл жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэхэд тухайн орон нутагт маш том өөрчлөлт гардаг, иргэд хүүхэд багачуудын ертөнцөд гэрэл асдаг.


СҮҮЛЧИЙН ХАДААСЫГ ХАДАЖ ДУУСТАЛ ДҮҮ НАРТАЙГАА ХАМТ БАЙНА

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

- Лантуун дохио ТББ-аас анх эхлүүлсэн Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөл нутагтаа барих хүүхэд залуусын мөрөөдлийн захидал надад ирсэн. Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Энэ тоо нь 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчин ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийн барилгын 4 дэх төслийн шавыг тавьж, барилгын ажлыг зориг гарган эхлүүлсэн Хөвсгөлийн залуус, Шидэд урц ТББ-ынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай нутгийн олон сайхан хүмүүс цуглаж, хүүхдийн төлөө сэтгэл гаргаж 200 гаран сая төгрөгийн хандив маш хурдан босож байгааг харах үнэхээр сайхан санагдлаа. Бүх аймаг, бүх суманд Ид шидийн орны төсөл хэрэгжээсэй. Энэ бол ашгийн бус сайн үйлсийн ажил, ирээдүйн зөв иргэдийг хөгжүүлэх төв байлгахын тулд бид чадах боломж бүхнээрээ туслах ёстой.  Миний хувьд энэ төслийг дуустал, сүүлчийн хадаасыг хадаж дуустал дүү нартайгаа хамт байх болно.