Ард иргэдээ “УЛНЫХАН” хэмээн гоочилдог ХНХЯ-ыхан энэ хэллэг экс сайдтай хамт яамнаас явсан гэж даналзаж буй. Үнэндээ 2008 оноос тогтсон энэ хэллэг яамнаас тийм ч хурдан явчихгүй, бид ч тийм амархан мартчихгүй биз. Уг нь энэ яамыг МАН-ын гайгүй гэсэн эмэгтэйчүүд удирдаж ирсэн. Одоо ч эмэгтэй сайдтай байхаар яригдаж буй. Харамсалтай нь ХНХЯ-ы удирдлагууд ард иргэдээ “улны” хэмжээнд нь байлгах бодлого барьж, угшил нэгт Ардын намынхаа тавиулын газар болж хувирчээ. Яам нь ажилгүй иргэдийнхээ нэрээр мөнгө “залгиж”, албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий этгээдүүдээ тус яаманд шургуулдаг болсон талаар хэн хүнгүй л ярьцгааж байна. 

Арай дэгсдүүллээ гэж шүүмжлэхээс чинь өмнө аудитын ганц нэг дүгнэлт танилцуулъя. 


“Оролцоо” төслийнхөө үр дүнг хуурамчаар мэдүүлжээ


Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Халамжаас хөдөлмөрт гэх бодлогыг баримталж буй талаар бараг өдөр бүр тоть шиг давтдаг. Энэ бодлогыг гардан хэрэгжүүлэх газар нь ХНХЯ. Өнгөрсөн жилээс эхлэн тус яамнаас залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлсэн.  Төрийн аудитын дүгнэлтэд  уг төсөлд нийт 2389 залуус хамрагдаж, 500 мянган төгрөгийн тэтгэлэгтэйгээр 14 хоног ажил хөдөлмөр эрхлэх дадал, хувь хүний хандлага өөрчлөх сургалт, үйлдвэрлэлийн дадлагад хамрагджээ. ХНХЯ-наас уг төслийн үр дүнд  808 иргэн ажлын байраар хангагдсан гэж тайлагнасан ч дээрх иргэдийн 144 нь 1-3 сар, 281 нь 3-6 сарын хугацаанд НДШ төлсөн байжээ. Өөрөөр хэлбэл 371 иргэнийг ажлын байртай болсон мэтээр хуурамчаар тайландаа тусгасныг аудитаар илрүүлсэн байна. 


Салхинд хийссэн 25 сая ам.долларын зээл

Түүнчлэн  Засгийн газар 2015 онд Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй 25 сая ам.долларын зээл авчээ. Энэ зээлийн ихэнхийг нь ХНХЯ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг барилга байгууламж, тоног төхөөрөмж авах ажил зарцуулсан гэх болов хаана, ямар барилга барьсан, юу авсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа аж. Зарцуулалтын тайлан ХНХЯ-д байхгүй учир үр дүнг үнэлэх боломжгүй байгааг дүгнэлтэд дурджээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам өнөөгийн ханшаар тооцвол 70 гаруй тэрбум төгрөгийг хаашаа ч юм бэ алга хийчихэж. 


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хугацаа хэтэрсэн авлага 12.7 тэрбум төгрөг

Бас нэгэн дүгнэлт. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор сангаараа дамжуулан иргэдэд зээл олгодог. Энэ сан 2018 онд 65,3 тэрбум, 2019 онд 94,5 тэрбум, 2020 онд 170,2 тэрбум, 2021 онд 179,3 тэрбум гэх мэтээр жил бүр төсвөө нэмэгдүүлж, 2016-2021 онд 20,027 иргэн, ААНБ-д 76.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосноос 2021 оны байдлаар 12.7 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн авлага үүсгэжээ. Хугацаа хэтэрсэн авлагын дүн ийн өссөн нь тухайн авлага Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүйтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам иргэдэд зээл олгохдоо хяналт тавьж чадаагүйгээс татвар төлөгчдийн мөнгө үргүй зардал болжээ. 
Ийнхүү тус яам ажилгүйчүүдийнхээ нэрээр хэн нэгэн эрх мэдэлтний халаасыг зузаалж байх зуур зарим нэг албан тушаалдаа бугшсан гарууд нэг нам, танил талаараа яамаа дүүргэж, ургийн мод цэцэглүүлсэн байх юм.


ХНХЯ-д “цэцэглэж” буй МАН-ынхны ургийн мод

Айл гэрийн ургийн мод хэдий чинээ мөчир, салаа бүрээрээ цэцэглэнэ, тэр хэмжээгээр тухайн гэр бүл өргөжин дэвждэг жамтай. Харин эрх ашиг, элдэв ямбаараа сүлбэлдсэн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд Монгол улсын хүний амын хөгжлийн хамгийн чухал яаманд үүрлэсэн байвал яах вэ. 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр сүүлийн 6 жил тасралтгүй ажиллаж байна. Төрийн өндөр албан тушаалд хамгийн олон жил ажилласан гэдгээрээ бараг л түүхэн амжилт тогтоох түүнийг яаманд ирснээс хойш өндөр албан тушаалтнуудын эхнэрүүд зохицуулах газрын даргын албан тушаалд ажиллах болжээ. 

Тодруулбал, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн эхнэр Н.Баярмаа нь ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилладаг бол Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгийн эхнэр М.Энхмөнх нь Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн хийж байна. Түүнчлэн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Ундрал нь Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын албан тушаалтай бол Зам тээврийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир нь ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга аж. 


Ийнхүү ард иргэдэдээ “УЛНЫ” хэмээн алдаршсан тус яам ажилгүйчүүдийнхээ нэрээр мөнгө залгиж, Ардын намынхны тавиулын газар болсон гэхэд хилсдэхгүй болчихсон байна.