Самарт явж байгаад модноос унаж, бэртсэн хүмүүсийн тоо хэдэн арав байтугай хэдэн мянгаар тоологдох хэмжээнд хүрсэн нь энэ цагийн эмгэнэл гэлтэй. Бид хэзээ болтол өдөр болгон харамсалтай мэдээ сонсож, амьдрахын эрхээр хэмээн халаглах вэ. Байгалийн хишиг гэж олон ч жил самраар бизнес хийж урд хөршийг хушин ойтой болгоход онцгой хувь нэмэр оруулсан хүмүүс Монголчууд бид.
Учир нь хуш модны самар БНХАУ байтугай дэлхийд эрэлттэй бүтээгдэхүүн. Дэлхийд зөвхөн ОХУ болон Монголд ургадаг энэхүү баялагаа бид эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэйг одоо л Монголчууд ухаарч БОАЖ-ийн сайд энэ асуудал дээр анхаарлаа хандуулж олны дэмжлэгийг авлаа.
Өнгөрсөн хугацаанд самрын бизнесчид маш олон хүний амь насыг эрсдэлд оруулж тэдний амь дүйж олсон самрыг урагшаа ямар ч татваргүй гаргаж байсан нь бодит үнэн. Үүгээр ч зогсохгүй нийт ойн сангийнхаа дөнгөж 5 хан хувийг бүрдүүлж буй хушин ойгоо одоо л бид хамгаалахгүй бол хушин ой сүйрэх эрсдэлд орох нь.
Монголын эдийн засгийг
уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг олон улсын байгууллагууд анхааруулдаг. Бид ч энэхүү дутагдалаа хүлээн зөвшөөрч, эдийн засгаа солонгоруулахаар бүх талаар чармайж буй. Өөрөөр хэлбэл Засгийн газраас уул уурхайн бус экспортыг дэмжихээ илэрхийлсэн. Гэвч бид ойрын хэдэн жилдээ экспортын хэмжээний үйлдвэр байгуулж чадахгүй учир ургадаг баялаг буюу хуш модны самараа эргэлтэд оруулснаар иргэдийнхээ амьдралыг сайжруулж, төсөвтөө, эдийн засагтаа багагүй хэмжээний хувь нэмэр оруулж чадна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Үүнийг ч салбарын сайд нь илэрхийлчихлээ.
Судалгаанаас харахад, Монгол Улсын хушин ойгоос жилд дунджаар 28.7 мянган тонн цэвэр самар түүх боломжтой. Тухайлбал, их ургацтай жилд 71.7 мянган, сайн ургацтай хоёр жилд 57.4 мянган, дунд ургацтай дөрвөн жилд 43 мянган тонныг хураана. Өөрөөр хэлбэл, 20 жилийн хугацааны дунджаар жилд нэг га-гаас 40 кг цэвэр самар түүх бололцоотой хэмээн тооцжээ. Харамсалтай нь, бид өнөөдрийг хүртэл байгалийн энэхүү үнэ цэнтэй бүтээгдэхүүнээ хэдэн арван тонноор нь хэт хямд үнээр Хятад руу зөөсөөр байна.
Угтаа бид хушин ойгоо хамгаалж, ширхэг самар бүртээ татвар, татаас оногдуулж, тэр хэрээр ойгоо ч хамгаалж, орлогоо ч нэмэгдүүлэх учиртай. Гэвч аль 2014 онд баталсан цаг үетэйгээ нэгэнт нийцэж чадахааргүй болжээ.
Жил бүрийн 10 дугаар сараас хоёр дугаар сар хүртэл ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ойгоос самар бэлтгэдэг. Энэ хугацаанд самар түүсэн иргэд, ААН-үүд килограмм тутамд ахуйн зориулалтаар 500, үйлдвэрлэлийн зориулалтаар бол 800 төгрөг тушааж тухайн орон нутагт төвлөрүүлдэг. Үйлдвэрийн зориулалтаар түүсэн самарны татаас болох 800 төгрөгийг аймаг авдаг бол ахуйн зориулалтын 500 төгрөгийн 300 төгрөгийг нь сум, 200 төгрөгийг нь байгаль хамгаалах газар, Хан Хэнтийн УТХГ авдаг. Энэ бүх орлогын 85 хувийг нь ойн нөхөн сэргээлт, арчилгаа, хяналтад зарцуулж, 15 хувийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг. Гэвч бодит байдал тухайн 85 хувийн орлогын дийлэнх нь аймаг, орон нутгийн төсөвт орж байгальд биш барилгад шингэж байна. Өөрөөр хэлбэл хушин ойгоос самар түүх, бэлтгэх үйл ажиллагаанд одоогийнхоос илүү нарийн зохицуулалт, журам үгүйлэгдэж байна.
Улсын хэмжээнд самар түүх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 84 компани байдаг. Үүний талаас илүү нь компанийн гэрчилгээ, тамганаас өөр зүйлгүй, ажилтан албан хаагчгүй, татвар даатгал төлдөггүй “оффшор” компаниуд байдаг нь харамсалтай.
Татвараас зугтаж хил гаалиар бүрдүүлэлт дутуу хийлгэн гаргадаг компаниудыг Засгийн газраас шүүхдэж, ялалт байгуулсан ч өнөөг хүртэл татвараа авч чаддаггүй хэвээр байна.
Иймд ургадаг баялагтаа эзэн болж, ширхэг самар бүрт татвар оногдуулъя. Цаашлаад самар цайруулагч компани аж ахуйн нэгжүүдийг тодорхой тооны ажилтан албан хаагчидтай байх, нийгмийн даатгал төлдөг байх, эрүүл ахуйн шаардлага хангадаг байх гэх мэт зүй ёсны стандарт шаардлагуудыг БОЯ-наас тавьдаг болох, мөрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс л самрыг татвартай болгож эдийн засагт хувь нэмэр больё.








Зөвөө татвар ав.