УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин Эрүүгийн хуульд “гүтгэх” гэмт хэргийн заалтыг оруулах нь буруу гэж мэдэгдсэн. Энэ талаар түүний тодруулга яриаг хүргэе.
-Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг оруулах тал дээр таны байр ямар байгаа вэ?
-Гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах гэж буйг дэмжихгүй байгаа. Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хуулийн Цэц авч хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдвэрлэчихсэн. Иймд иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх асуудлыг Эрүүгийн хуульд оруулж зохицуулах нь буруу. Үндсэндээ 13.14 дэх заалтыг ямар нэг зэвсэг болгож ашиглах нь маш буруу. Тиймээс дэмжих ямар ч боломжгүй. Тодруулж хэлбэл хэвлэн нийтлэх эрхэд шууд халдах өндөр эрсдэлтэй. Сэтгүүлчдийн үзэл бодлоо хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг болно гэж үзэж байна. Худал мэдээлэл тараах, гүтгэх асуудлыг заавал гэмт хэрэг болгож Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Одоогийн Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 27 дугаар зүйлээр шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв бусдын нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан тохиолдолд түүнийгээ нотлох үүргийг мэдээлэл тараасан тал хүлээнэ. Харин нотолж чадахгүй тохиодолд түүнээс үүдэн гарсан гэм хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ зарчмаараа цаашид явах нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээж сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйтэй, нотолгоо баримттай, эх сурвалжтай, хамгийн гол нь аль нэг талыг хэт барьсан биш мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, мэргэжлийн сэтгүүл зүйг эрхэмлэх учиртай.
-Сэтгүүлчтэй холбоотой энэ төрлийн асуудал гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад нь хандах гээд Эрүүгийн хуульд оруулахгүйгээр шийдэх олон гарц байгаа гэж харж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?
-Тантай санал нэг байна. Сэтгүүлчид иргэний мэдэх эрхийн төлөө ажиллаж, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйн хүрээнд ажиллах ёстой гэдгээ ойлгож, анхаарах нь мэдээж маш чухал. Гэхдээ энэ асуудлыг сэтгүүлчдийн ёс зүйн зөвлөлийн хүрээнд шийдэх боломжтой. Аливаа иргэний нэр хүндэд халдсан гэж үзвэл тухайн иргэн сэтгүүлчдийн ёс зүйн асуудал хариуцсан газарт гомдол гаргаж шийдүүлэх боломжтой. Сэтгүүлчдийн ёс зүйг хариуцсан газар нь иргэний гомдлыг хүлээж аваад ёс зүйн дүгнэлтүүд гаргах гарц, боломж бий. Энэ бол хэвлэн нийтлэх эрхэд халдаагүй зохицуулалт. Мэдээллээ сайтар нягтлаагүйн улмаас алдаа гаргасан тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, редакци уучлалт гуйх, залруулга хийх, эсвэл олон улсад хамгийн шилмэл арга болсон өөрийн зохицуулалтын байгууллагаар буюу ёс зүйн зохицуулалтын байгууллагад хандаж ёс зүйн хариуцлага хүлээх шийдэл бэлээхэн байгаа. Манайх ардчилсан улс учраас энэ чиг рүү явах учиртай.
-Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг оруулчихвал дурын нэг албан тушаалтан сэтгүүлчдийн амыг барьдаг болно л доо. Олон улсын судлаачид “Автократ дэглэм рүү гулсан орж байгаа улсууд л Эрүүгийн хуульдаа “гүтгэх” заалтыг оруулдаг” гэж баримт, кейстэй ярьцгаадаг. Гарах эрсдэл нь ийм өндөр учраас энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэж сэтгүүлчдийг төлөөлсөн байгууллагууд дуугараад байгаа юм билээ?
-Эрсдлийн хувьд тантай санал нэг байна. УИХ Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг хэлэлцэж, аль болох Иргэний хууль руу шилжүүлэх талд анхаарах хэрэгтэй гэж яриад байгаа минь цаанаа ийм учиртай. Хэрвээ Эрүүгийн хуульд “гүтгэх” заалтыг таны сая хэлсэнчлэн төрийн байгууллага, албан тушаалтнууд “гүтгэх” гэдэг үгийг ашиглаж алдаа, гэмээ хаацайлах үзэгдэл гаарах өндөр эрсдэлтэй. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн төр засгаа, төрийн албан тушаалтны буруу зөрүү үйлдлийг шүүмжилж байх нь ардчиллын эрүүл үзэгдэл шүү дээ. Түүнээс биш Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг бий болгоод шүүмжилсэн, үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг гэмт хэрэгтэн болгож болохгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Ө.МАНЛАЙ








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!