“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг өнөөдөр /2026.05.08/ сэтгүүлчдэд мэдээлэл өгч, УИХ-аар хэлэлцэгдсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл дэмжигдээгүйтэй холбоотойгоор тайлбар хийлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг гадаад зээлийн эх үүсвэрээр барьж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэлийн ажлын төлбөр, тоног төхөөрөмжийн худалдан авалтын санхүүжилт гацсан байдалтай байгаа аж.
Уг нь Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл батлагдсан дээрх асуудал шийдэгдэх байсан ч харамсалтай нь УИХ дээр дэмжигдээгүй байна. Энэ талаар Д.Алтанцэцэг “Төсвийн хязгаарлалтын үед энэ хуулийн төслийг батлах шаардлага байсан. Гэвч төслийг дэмжсэнгүй, унагалаа. Энэ жилийн зээл ашиглалтын хэмжээ нь 350 сая ам.доллар. Учир нь үйлдвэр төлөвлөлт, инженерчлэлийн хамгийн их хугацаа шаарддаг боловч бага санхүүжилт шаарддаг үе нь өнгөрсөн. Одоо тоног төхөөрөмжийн худалдан авалт буюу нийт гэрээний дүнгийн 60 хувийг эзэлдэг үе шат явагдаж байна. Гэвч төлбөрийг хүлээгээд л байна.
Төлж чадахгүй байгаа нь маш хүндрэлтэй байна. Газрын тосны үйлдвэр 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Хугацааны хувьд өөрчлөлт гарахгүй ч ийм нөхцөл байдал удаан үргэлжилж болохгүй. Улс орон ямар нэг арга хэмжээ авах байх. Нийт өртөг нь 1 тэрбум 658 сая ам.долларын үйлдвэр. Ирэх 2–3 жилд 1 тэрбум гаруй ам.доллар зарцуулж дуусна.
Төсвийн хязгаарлалтын улмаас сард 50–60 сая ам.доллараас илүү гаргах боломжгүй байгаа. Жилийн эцэст гэрээлэгчдэд төлбөрөө төлж чадахгүй, ханган нийлүүлэгчдэд мөнгөө өгөхгүйгээс болж ажлын явц удааширч байна. Хүн бүр газрын тосны үйлдвэрийг хурдан барьж, ашиглалтад оруулахыг хүсэж байгаа гэж бодож байна. Зарим хүмүүст хэрэггүй мэт санагддаг байж магадгүй, гэхдээ би сайн ойлгохгүй байна” гэсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!