Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. 

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Ц.Элбэгдоржийг төлөөлж Л.Пүрэвсүрэн гэх хүн Эпштейн рүү “Нью Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй очно. Тэр нь монгол охин байна” гэж бичихэд хариуд нь “Ямар сайхан мэдээ вэ. Удахгүй уулзацгаая” гэж бичсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өргөж авсан хүүхдүүд одоо хаана байна" гэв. 

Уг асуултад ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулуун " Цахим орчинд гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага судалж байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ тал дээр нэлээд ажиллаж байна. 1000 орчим илэрц илэрчихсэн, судалгаа хийж байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор шалгахгүй байгаа асуудал байхгүй. 

Шалгалт хийгдэж багаа. Гол нь АНУ-тай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа байхгүй. Албан бус шугамаар тодорхой хэмжээний мэдээллээ солилцоод явж байна. Тийм болохоор та бүхэнд танд тусад нь танилцуулъя" гэж хариуллаа.