Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.30-ны өдрийн 07:00 цагаас 18:44 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар уулын 2 талаар 6 км-т зохион байгуулсан. 10.31-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Мухарын-Эрэгцэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т иргэн Б 10.30-ны өдрийн 15:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:34 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /38 настай, эрэгтэй/-г 10.30-ны өдрийн 18:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:00 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т, тус сумын “Бяцхан булаг” гэдэг газар малтайгаа явж байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Зүүн халзан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км/-т малчин Б, Э нар 10.30-ны өдрийн 17:00 цагийн орчим малаа хариулахаар автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:22 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ нарыг 10.30-ны өдрийн 19:24 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:41 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т, Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Гашууны-Энгэр” гэдэг газраас эсэн мэнд олжээ.