Ардын намынхан авлига, хүнд суртлын эсрэг кампанит  ажлаа эрчимжүүлж эхэллээ. Тэд энэ удаад  “оймсны авлигачдад”  сануулга  өгч,  төрийн хяналтыг нэг стандартад оруулах төлөвлөгөө боловсруулснаа танилцууллаа. Энэ нь МХЕГ-ыг татан буулгах шийдвэр.   МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын  даргаар очсон даруйдаа энэ ажилд ханцуй шамлан орсон бөгөөд  өнгөрсөн сарын 19-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг олон нийтэд танилцуулсан юм. Ингэхдээ тэрбээр  “Төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах үүднээс МХЕГ-ыг татан буулгаж байна. Энэ шийдвэрийг гаргах болсон үндсэн шалтгаан нь  хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс “Төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна” гэх гомдол. Тиймээс цаашид  мэргэжлийн хяналтыг салбарын хяналтын тогтолцоонд шилжүүлнэ” хэмээн тодотгосон. Энэ бол  МХЕГ-ын татан буулгах товч бөгөөд тодорхой тайлбар, үндэслэл. 

Гэхдээ  үүнийг төрийн аливаа хяналт шалгалт байхгүй, замбараагүй боллоо гэж ойлгож болохгүй. Харин ч бодлогын цөмдөө оруулж, төр илүү  мэргэжлийн түвшинд хяналт шалгалт явуулах нь гэж харж болохоор байна. Тэгвэл салбарын хяналтын тогтолцоо гэж юу вэ.  Энэ нь   шинэ ойлголт биш бөгөөд  2003 онд МХЕГ-ыг  үүсгэн байгуулах хүртэл   манай улсын төрийн хяналт энэ жишгээр буюу  салбар яамдаар дамждаг,  салбарын сайд тус бүрийн дэргэд улсын хяналтын байцаагч нар ажилладаг,   өөрт харьяалах асуудлаар хяналт  шалгалт явуулдаг байв.  Үүнээс хойш МХЕГ-ыг байгуулснаар  өдгөө тус байгууллага 1600 гаруй албан хаагчтай, 21 аймаг, нийслэлд мэргэжлийн хяналтын газар, дүүрэгт мэргэжлийн хяналтын хэлтэстэй,  данхар бүтцээр ажиллах болсон.  Ингэж мэргэжлийн хяналтын байцаагчдын тоо олширсон нь  аливаа хяналтыг мэргэжлийн түвшинд явуулж, хууль сахиулах, стандарт мөрдүүлэх үндсэн зорилгоосоо хазайсан төдийгүй  ард иргэд, аж ахуйн нэгжийг дарамтлах талруугаа хэлбийсэн гэхэд хилсдэхгүй.   Төрийн нэрээр аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагааг шалгадаг, эргээд хааж боож, хавчих гэсэн оролдлого нь  авлигын үндэс суурийг бүрдүүлдэг циклд орчихсныг хэн хүнгүй мэддэг болсон. 

Ерөөсөө Монгол Улсад бизнес эрхлэх, аливаа үйл ажиллагаа явуулах гэсэн  хэн нэгэн  Мэргэжлийн хяналтынхан+дэргэдээ мэргэжлийн хяналтын байцаагч бүхий  12 байгууллагаас гадна цагдаа  тагнуул, гааль, оюуны өмч,  ГИХАЭГ, ШӨХТГ  зэрэг хэрэглэгчийн эрхийн асуудал хариуцсан, хяналтын чиг үүрэг бүхий төрийн захиргааны маш олон байгууллагад шалгуулж, хянуулах шаардлагатай болдог. Зарим нь хуулийн дагуу шаардлага  тавина, зарим нь хуулийн бусыг ч шаардана. Энэ бүхнийг зохицуулахын тулд “аргалах” гэдэг  тактик руу шилжихээс аргагүйд  хүрдгээ ч тэд нуудаггүй. 

 Байцаагчтай тохиролцох, хоол унданд оруулах, ахуйд нь дэмжлэг үзүүлэх зэргээр элдэв арга хэрэглэсээр эцэстээ авлига өгөхөөс аргагүйд хүрдэг нь нэгэнт нууц сэдэв байхаа больсон.  Мэргэжлийн хяналтынханд орохгүй салбар,  шалгахгүй субьект гэж байхгүй болсон. Ямартаа л гэр бүлийн маргааныг хүртэл мэргэжлийн хяналтын байцаагч хянаж, шалгадаг байлаа шүү дээ.  Энэ бол МХЕГ гэдэг байгууллагад ямар их  мөнгө эргэлддэг, байцаагчид нь ямар дархан эрхтэй улс байдгийн  бодит илрэл.  Хамгийн сонгодог жишээ нь  МХЕГ-ын Хилийн хорио цээрийн хэлтсийн дарга Н.Баярсайханы оймсондоо ам.доллар нуусан хэрэг. “Төр хамгийн муу менежер, төрийн оролцоо ихэдвэл дордохын цондон” гэх  аливаа үгс  ерөөсөө дээрх жишээнээс үүдэлтэй. Тогтсон стандарт гэж байхгүй, хэн хаанаас шалгаж хянадаг нь тодорхойгүй  байдлаас болоод төрийн нэр хүнд унах, цаашлаад авлига авах,  албан тушаал наймаалцах явдал газар авсан учраас энэ байдалд цэг тавих шийдвэрийг Д.Амарбаясгалан зориглон гаргасанд талархал илэрхийлэх учиртай юм.  Маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас түүнийг элдэв гүтгэлэг, дайралт тойрохгүй нь тодорхой. Ямартаа л “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн  хүрээнд өөрийгөө хаанд өргөмжилж,  эрх хэмжээгээ нэмэгдүүлэх нь” гэх хардлага хүртэл яваад эхлэхэв.  Уг нь  эрүүл ухаанаар бодвол  ЗГХЭГ-ын даргын  албан тушаал мөнх биш, төрийн хуулийг ч нэг хүнд хамаатуулан ойлгох боломжгүй.  Д.Амарбаясгалан угтаа  дарга явсан ч тогтолцоо, зарчим  үлддэг байх тухай л яриад байгаа юм.  

Төрийн нэрийн өмнөөс  3000 гаруй байцаагч хяналт шалгалт явуулдаг байв


МХЕГ-ыг татан буулгах нэг том үндэслэл нь төрийн хяналт шалгалтын давхардал бий болсонтой холбоотой. Тэгвэл хаана, ямар давхардал үүссэнийг хамтдаа харцгаая.  МХЕГ өдгөө  байгаль орчин,  газар геодези, зураг зүй,  геологи, уул уурхай, хөдөлмөрийн, мал эмнэлэг, хүнсний  чанар, стандартын, ургамал хамгааллын, боловсролын, соёлын,  эрүүл ахуй, халдвар судлалын,  газрын тосны  зэрэг 26 чиглэлийн ерөнхий хяналтыг явуулдаг.   Гэтэл үүнтэй зэрэгцээд БОАЖЯ, ЗТХЯ,  Эрчим хүчний зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар” нийгэмлэг зэрэг 12 яам, байгууллагын улсын байцаагчид өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж байх жишээтэй.  Давхардсан хяналт шалгалт гэж үүнийг  хэлээд  байгаа юм. Цаашлаад МХЕГ-ын 1200 байцаагчаас гадна дээрх 12 байгууллагын байцаагчдыг оролцуулаад   улсын хэмжээнд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг 3000 орчим улсын байцаагч  байна.

 Үндсэндээ улсын хэмжээнд мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг 26 чиглэлийн хяналтын 12-ыг төрийн бусад  байгууллага давхардуулан хэрэгжүүлж байна гэсэн үг. Энэ тухайд ганцхан жишээ татахад,  нийгмийн даатгалын хяналтыг л гэхэд МХЕГ-ын байцаагчаас гадна Нийгмийн  даатгалын ерөнхий газраас давхардуулан шалгаж  байна. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг аж ахуйн нэгжид МХЕГ-ын  байгаль орчны байцаагчаас гадна БОАЖЯ төдийгүй Байгаль   хамгаалах сан, Ашигт малмталын ерөнхий газар зэрэг тоо тоймгүй олон газраас хяналт шалгалт явуулдаг.  Улсын хэмжээний 3000-аад байцаагч  үйлдвэр, үйлчилгээний  салбарынханд хамгийн их халгаатай байдаг.    

Ингэж аж ахуйн нэгжээ дарамтлах ажлыг төрийн нэрийн өмнөөс хийх нь зохимжгүйгээс гадна төр  бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөгчийн байр сууринаас хандах болсон учраас МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын тогтолцоонд шилжүүлэх шийдэлд ийнхүү хүрчээ.  Ингэхдээ салбар яамдад хяналтыг хариуцуулахын  зэрэгцээ заавал төрийн мэдэлд байх  гурван салбарыг Гүйцэтгэх засаглал дахь хяналтын  тухай хуульд тусгаж өгчээ. Тодруулбал, Хүний аюулгүй байдал буюу-эрүүл мэнд, боловсрол,  дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал, Хүнсний аюулгүй байдал буюу-түүхий эд, хүнсний сүлжээ, Байгаль орчны аюулгүй байдал буюу-арга технологи, сахилга хариуцлагын  салбарыг төрийн мэдэлд байлгана. 

Харин бусад салбарын хяналтыг яамд болон төрийн бус байгууллагуудад ч шилжүүлэх боломжтой гэж үзээд байгаа юм. Энэ бүхний уялдаа холбоог ажвал МХЕГ-ыг татан буулгаж, хяналт  шалгалтыг төрийн  мэдэлд авах буюу Засгийн  газарт зангидах төлөвлөгөөг  Д.Амарбаясгалан сэтгэлийн хөөрлөөр зарлачихаагүй нь харагдана. Тэр энэ удаад тооцоо судалгаатай, гарц гаргалгаатайгаар төрийн хяналтыг мэргэжлийн шатанд гаргах төлөвлөгөө  танилцууллаа. Авлигачидтай тэмцэх том   ажлынх нь эхлэл болсон энэ шийдлийг эрх ашиг нь  хөндөгдсөн хүмүүсээс бусад нь таатай  хүлээн авч байгааг тэмдэглэх нь зүйтэй. Харин ч тэр  асуудлыг  голчтой олж хараад төрийн хяналтыг нэг урсгалд оруулах том ажлыг эхлүүллээ.    Дабль стандарт, давхар дарамтаас ард  иргэдээ чөлөөлөх гэсэн Ардын намын  генсекийн санаачилга энэ удаад  байндаа оновчтой туссаныг олзуурхан тэмдэглэе.