Манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор 1 тэрбумаар нэмэгдэж, өнөөдөр 8 тэрбумд хүрлээ.
НҮБ-аас хийсэн тооцоогоор дэлхийн хүн ам:
- 1927 онд 2 тэрбум
- 1960 онд 3 тэрбум
- 1974 онд 4 тэрбум
- 1987 онд 5 тэрбум
- 1999 онд 6 тэрбум
- 2011 онд 7 тэрбумд хүрч байсан бол өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрч байна.
Энэ тоо цаашдаа 2037 онд 9 тэрбум, 2080 онд 10.4 тэрбум хүрээд 2100 он хүртэл тогтвортой байх тооцоог НҮБ гаргажээ. Хүн төрөлхтөн сүүлийн 11 жилийн хугацаанд нэг тэрбумаар нэмэгдсэн бөгөөд энэхүү өсөлтөд Хятад, Энэтхэг тэргүүтэй Ази тивийн улсууд гол үүрэг гүйцэтгэжээ.
Тухайлбал сүүлийн нэг тэрбумын өсөлтийн 700 сая нь голдуу Ази тивийн дундаж орлоготой улс орнуудад оногдсон байна. Энэ хугацаанд Энэтхэг улсын хүн амын тоо 180 саяар өссөн бөгөөд энэ эрчээрээ 2023 онд Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болохоор байгаа.
Гэхдээ дэлхийн хүн амын цаашдын өсөлтөд Африк тивийн орнууд тэргүүлэхээр байгааг НҮБ-ын судалгаа харуулж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!