АН МАН-ыг хагалж байна уу, МАН АН-ыг хагалж байгаа юу...

Админ
2022/11/17

Ингэхэд У.Хүрэлсүх хэзээнээс АН-ын асуудалд хутгалдах болсон юм бэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс л болов уу. Тухайн цаг үед МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг Хятадын эрлийз болгон харагдуулах “Хор”-ыг Херо Баатартай нийлж найруулж явсан нь хожим ил болсон. Тэрхүү утасны ярианы бичлэгт өгүүлсэнчлэн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг ялуулахын тулд Монгол наадамд “Эрлийз адуу уралдуулахгүй” хэмээн Шадар сайдын индэр дээрээс мэдэгдсэн нь Х.Баттулгыг ялахад үлэмж нэмэр болсон. Тэр цагаас л У.Хүрэлсүх АН-ын явдалд хутгалдах болжээ.

2018 онд МАН-ын гишүүд түүнийг “Жидүү сан”-гийн хэргээр Ерөнхий сайдаас огцруулах гэж байх үеэс АН-ын үйл ажиллагаанд улам гүнзгий хутгалдан орсон. Ж.Батзандангийн шоронд орохынхоо өмнө батлан хэлснээр АН-ын гишүүдийн өрөө хэсч “Амь авар” хэмээн царайчилж явсан нь ч илэрсэн. Намынхандаа хэрчүүлэх гэж аргаа барж явахад нь Х.Баттулга Ерөнхийлөгч, АН-ын бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нар АН-ынхаа бодлогыг сөрж У.Хүрэлсүхийг огцруулахын эсрэг кноп дарсан. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж, АН-ын бүлгээс, Ардчилсан намаас хөөгдсөн.

Ингэж У.Хүрэлсүх ганцхан саналаар Ерөнхий сайдын суудалд үлдэж “Жанхуу” фракц төрж, МАНЖ-ийн засаглал эхэлсэн түүхтэй. Ардчилсан намыг У.Хүрэлсүх ийнхүү дотроос нь задалж эхэлсэн юм.

Харин нам дотроо бэхжиж авсныхаа дараа нүүр буруулж, Төмөр замын хэргийг нь сөхөж, дахин Ерөнхийлөгч болох замыг нь З.Энхболдын тусламжтайгаар хаасан. Ийнхүү АН-аас урваж өөрт нь тус болсон хүмүүсээсээ нүүр буруулсан тэрээр АН-д дахин “Хайр” зарлаж эхэллээ.

Энэ удаа тэр АН-аас амь гуйгчийн дүрээр бус аврагчийн дүрээр ирж, хуваагдсан АН-ыг нэгтгэж өгье гэжээ. Баярцогтыг АН-ын дарга болгох болзолтойгоор шүү. Үүний тулд нэрийг цэвэрлэж, ялаас нь мулталж өгч байгаа гэх яриа хуурай өвсөнд тавьсан түймэр мэт тархаж байна. Тохироог зуучилж, Хүрэлсүхийн гарт АН-ыг атгуулж байгаа хүн нь МАНАН-гийн автор Ц.Элбэгдорж юм гэнэ.

МАН-ынхны шивэр авир хийж байгаагаар бол Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар түүний үгээр тоглохоо больж, утсан хүүхэлдэйн амьдралдаа цэг тавьсан гэх. Тийм учраас Хүрэлсүх 2024 оны сонгуулиар АН, МАН парламентад эн тэнцүүхэн суудалтай болж, Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр дахин сонгох тохироог хийсэн гэх.

Утопи сонсогдож байгаа ч улстөрд юу ч болж мэднэ. Бүр Хүрэлсүх АН-ын дарга болчихсон Ерөнхийлөгчид нэр дэвшиж байж ч мэднэ. П.Очирбат АН-аас нэг, МАН-аас нэг удаа Ерөнхийлөгчид дэвшин ялж байсныг бодолцвол Хүрэлсүх АН-ын дарга болох тийм ч бүтэшгүй зүйл биш. Тэгээд ч 2017 оноос хойш АН-ын хувь заяаг Хүрэлсүх л залуурдаж байгаа биз дээ...


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.124
    2022/11/20

    Ерөнхийлөгчөөр нэг удаа 6 жилээр сонгогдох хуультай .

    Хариулах