Эзэмшил, өмчлөлийн талаар маргаж буй эд зүйлээ мэдэгдэлгүй авсныг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэв

Админ
2022/11/21

Гуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн  Бат хадам дүү Болдод өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Болд иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ.

Болд нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг Батад өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан,  таарамжгүй харилцаа үүсэж, Бат нь Болдыг зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна.

Улмаар 2021 оны 9 дүгээр сард Бат нь хадлангийн талбайгаас Болдын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Батыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаанд сумынхаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, хадуурын аппаратыг иж бүрнээр нь Болдод олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. 

Бат нь шүүх миний үйлдлийг хулгайн гэмт хэрэг үү, эсвэл эд хөрөнгийн маргаан уу гэдгийг ялгаж ойлгохгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж, хорт хавдар өвчтэй, Улаанбаатар хотод химийн эмчилгээнд орж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь амьд явах эрхэд нь халдсан гэж гомдолдоо дурджээ.

Дээд шүүх Батын гомдлоор хэргийг хянаад “...30-аад жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүргэн ах, хадам дүү нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа” гэж дүгнэн Батад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.

Бат нь өмчлөл, эзэмшлийн талаар маргалдаж байхдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураар хэрэгжүүлж, бусдад хор уршиг учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн “дураар аашлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч одоо мөрдөгдөж буй хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсныг тогтоолд дурдсан байна. Бусдын өмчлөлийн эд зүйлийг “өөрийн” хэмээн ойлгож, өмчлөх эрхээ дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ.

Харин хадуурын аппарат Болдынх болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул Батын гаргасан “Иргэний хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хураангуй бэлтгэсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.207
    2022/11/21

    Ямар гээчийг хачин хууль бэ хүний эд зүйлийг өөрий зөвшөөрөлгүй авах мөн алдагдсан эд зүылийг худалдан авах нь хулгайн гэмт хэрэг биш үү

    Хариулах
    • 139.5.217.34
      2022/11/21

      Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хулгайлах гэмт хэрэг болно. Харин алдагдсан эд зүйл худалдан авах нь хулгайн гэмт хэрэг болохгүй. Гэхдээ өмчлөлийн хувьд маргаантай байгаа зүйлийг өөрийн гэж бодоод авсан нь гэмт хэрэг биш гэж үзсэн байна.