​ Нэн ховор амьтны түүхийг эдийг худалдахыг завдсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлэв

Админ
2022/11/22

Хан-Уул дүүргийн прокурорын газраас нэн ховор амьтны түүхий эдийг худалдахыг завдсан иргэн Э-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Тодруулбал, иргэн Э нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Нэн ховор шувууны” жагсаалтад багтсан “Борцгор хотон шувуу”-ны хошууг хадгалж, худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-т /Хууль бусаар ан агнах/ зааснаар 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хотон шувууны хошууг зохих байгууллагад шилжүүлж, Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ 13.140.000 төгрөгийг гаргуулж, амьтны аймагт учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Борцгор хотон нь /Pelecanus crispus/ хотон шувууны хамгийн ховор төрөл болох ба сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Монгол оронд Хар-Ус, Айраг нууранд цөөн тоогоор үржих болжээ. Манай улсад борцгор хотон шувууг хууль бусаар агнаж хошууг нь авч худалдах ялангуяа, нийгмийн сүлжээгээр энэ талын зар тавьж, хил дамнан наймаалах зөрчил их гардаг нь тус шувууг ховордоход хүргэж буй юм”

Хэрэв нэн ховордсон энэ шувууг агнавал Амьтны тухай хуульд заасны дагуу 6.570.000 төгрөгийг хоёр дахин өсгөж буюу 13.140.000 төгрөгийн торгууль төлж, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах

1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна