Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлэхдээ гэр хорооллын иргэдийг эм авахын тулд хотын төв рүү ордог хэмээн мэдэгдсэн. 

Ж.СҮХБААТАР: 

- Түгжрэлтэй бүх л юм уялдах юм. Түгжрэл гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, гэр хороололд эмийн сан маш бага байгаа нь эмийн сангийн дата дээр харагдаж байна. Орон сууцны хорооллуудад нэг булан эргээд л эмийн сан байдаг.  Хүмүүс эмийн сан хайж ийш тийшээ явдаг" гэсэн. 

Тэгвэл Тунгаахуй өгөгдлийн урлангийн гаргасан мэдээллээр Улаанбаатар хотын нийт эмийн сангийн 63 хувь нь хотын төв буюу орон сууцны хороололд төвлөрсөн байна. Өөрөөр хэлбэл хэрэв та хотын төвөөр буюу орон сууцны хорооллоор явбал 200 метр тутамд эмийн сан тааралдах магадлалтай бол гэр хороололд дунджаар 3 км зайд эмийн сан таарах магадлалтай байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд 2021 оны байдлаар 4,952 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Openstreetmap дээр 1,650 нь буюу нийт эрүүл мэндийн байгууллагын 30 хувь нь тэмдэглэгджээ. OSM-д тэмдэглэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын 66 хувь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

Дата эх сурвалж: ТУНГААХУЙ өгөгдлийн урлан / TUNGAAHUI Data Studio