ОБЕГ: Хоёр иргэн резервуар буюу шатахууны нөөцийн сав руу унасан байх магадлалтай

Админ
2022/12/02

Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан тухай мэдээлэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдрийн 09:21 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраалаа.

Одоогийн байдлаар гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Үүнийг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан.

Мөн савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байсан.

Түүнчлэн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход нэг нь гадаргууд шидэгдсэн байсныг олж, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй.

Дээрх гал түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нисйлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч,  гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашинтайгаар /гал унтраах үндсэн албаны 14, тусгай албаны 7, бусад зориулалтын  23 автомашин/ үүрэг гүйцэтгэлээ.

Мөн УБТЗ-ийн цэрэгжүүлсэн Онцгой байдлын албанаас 22 алба хаагч, гал унтраах галт тэрэг /60 тн усны нөөцтэй/ гарч ажилласан бол аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага, аж, ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтайгаар нэмэлтээр ажиллалаа хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.93
    2022/12/02

    Хоёр хүн юу болов.ядаж цогцосыг нь ч болов олдов уу.Онцгой гайхалтай ажиллаа.

    Хариулах
  • 202.9.40.21
    2022/12/02

    Дэлбэрсэн шалтгаан нь юу юм бол

    Хариулах
  • 202.55.188.87
    2022/12/02

    Баатархүү амжилттай сайхан ажиллажээ

    Хариулах