Авлига, албан тушаалын 7 хэргийг Эллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Б.Ариунзаяа
2022/12/06

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.111, мөрдөн байцаалтын 2804 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 425 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 159, Өмчлөх эрхийн эсрэг 131, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 11,  Авлига, албан тушаалын 7, нийт 357 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдийг дурдвал:

  • Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүүд давуу байдал олгон, хууль бусаар албан тушаалд томилсон;
  • “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нар нь тус компанийн захирал Б-тэй бүлэглэн “Жи Ар Эф Парагон Малайз Лимитед” компанийг залилж нийт 19 сая ам.долларын хохирол учруулсан;
  • Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зарим ажилтны ажлын цагийг илүү тооцон цалингийн зөрүү мөнгийг өөртөө авсан;
  • Б нь нэр бүхий ХХК-ийн захирлаар ажиллахдаа, 86 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн;
  • Ө нь нэр бүхий ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч санхүүгийн баримтууд ашиглан 431 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн;
  • Иргэн М, Э, Т, С нар нь бүлэглэн нэр бүхий 31 иргэнээс нийт 5 тэрбум 844 сая төгрөгийг залилсан зэрэг хэргүүд байна.

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.92
    2022/12/06

    Олон нийтийн анхаарал татсан том том хохиролтой төрийн хулгайн хэргүүд нь яагаад шүүх рүү явдаггүй юи бэ?

    Хариулах