“Монгол-Малайзын бизнес уулзалт” зохион байгуулагдлаа

Б.Ариунзаяа
2022/12/08

МҮХАҮТ, MATRADE (Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпораци)-тай хамтран “Монгол-Малайзын бизнес уулзалт”-ыг Куала Лумпур хотноо 12 дугаар сарын 06-ны өдөр өргөн хүрээнд зохион байгууллаа. 

Тус уулзалтад Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, гадаад худалдаа, хүнс, сав баглаа боодол, барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын 15 бизнес эрхлэгч, Малайзын талаас Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн Орлогч дарга Пуан Шариматон Мат Саллех, Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Ерөнхийлөгч Каллум Чен, Дэд Ерөнхийлөгч Мартин Анг, Малайзийн Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Кристина Тий болон 25 гаруй бизнес эрхлэгч оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үгэндээ Монгол Улсын хувьд Малайз Улсын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтойг онцлоод Малайзаас өндөр техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Бизнес уулзалтын үеэр Малайз Улсын дунд түвшний компаниудын консорциумын Дэд Ерөнхийлөгч Мартин Анг “Монгол Улс дахь миний туршлага”, Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн Зүүн хойд Азийн худалдааны асуудлыг хариуцсан захирал Наим Абдул Рахман “Малайз-Таны худалдааны түнш”, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс дахь бизнесийн боломжууд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. 

Мөн тус уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпорацийн төв оффист байрлах Малайз Улсын Экспортын Үзэсгэлэн (MEEC)-гээр зочиллоо. Энэхүү үзэсгэлэн нь нийт 4500 гаруй метр квадрат талбайд Малайзын 500 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтэн жилийн турш танилцуулж ирсэн онцлогтой бөгөөд гадаадын бизнес эрхлэгчид тус үзэсгэлэнг үзэж сонирхон МATRADE-аар дамжуулан Малайзын түншээ олох, шууд холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг байна.

МҮХАҮТ энэ оны 9 дүгээр сард хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хүрээнд MATRADE (Малайз Улсын Гадаад Худалдааны Хөгжлийн Корпораци)-тай хамтран 2 дахь удаагийн “Монгол-Малайзын бизнес уулзалт" ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна