Замын хөдөлгөөний ачаалал иргэдийн бухимдлыг дээд цэгт нь тулгаж, хотын захиргаа болон Хот хариуцсан сайдыг арга хэмжээ авахыг шаардсан цаг саяхан. Дүрмэндээ тусгасан хэдий ч жолооч нарын төдийлөн мөрддөггүй нэгдүгээр эгнээний дүрмийг 10 хоногийн өмнөөс чангаруулсан нь үр дүнгээ өгч эхэлжээ.
Энхтайвны өргөн чөлөөгөөр Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч ажилласнаар дараах үр дүнгүүд гарсан талаар ТЦА-аас мэдээлж байна.
Тухайлбал, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар буурчээ.
Мөн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар, үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 12 нэгж буюу 1.2 хувиар, нийтийн тээврийн хэрэгслийн рейсийн тоо 8.2 хувиар тус тус өссөн байна.
Энд нэг чухал тоон үзүүлэлт гарсан нь сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийн тоо буурсан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгвэл өнгөрсөн 10 хоногийн хугацаанд нийтийн тээврийн үйлчлүүлэгчийн тоо 110,736-аар буюу 6.3 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний иргэд автомашин бус нийтийн тээврээр сонгон зорчсон нь дээрх тааламжтай үзүүлэлтүүдийг гаргахад ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь цаашлаад нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32 хувиар буурахад ч нөлөөлсөн байна.
Замын урт хэмжээтэй, багтаамжтай. Харамсалтай нь манай үе үеийн эрх баригчдын бодлогын алдаанаас болж Улаанбаатар түгжрэлдээ "баригдсан". Харин тэдний алдааг иргэд ийнхүү шаардлагаараа, оролцоогоороо засаж эхэлсэн байна. Цаашид зорчих хэсгийнхээ 1 дүгээр эгнээг нийтийн тээвэртээ өгөх хандлагаа хэвшил болгочихвол нийслэлчүүдийн өдөр тутмын зовлон болсон түгжрэлийн асуудал бага ч болов нимгэрэх нь байна.








Тэнэг шийдвэрээ зөв болгож харагдуулах гэж худлаа тоо гаргах юмаа. Автобусныхаа маршрутыг янзлаачээ